Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол улсын Зэвсэгт хүчний тавдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн эх орноосоо мордоход бэлэн болжээ.
Цэргийн багт Зэвсэгт хүчний 40 гаруй анги байгууллага, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ ,ТЕГ, ШШГЕГ-ын нийт 850 орчим цэргийн алба хаагч Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ажиллагааны өмнөх бэлтгэл сургуулиа бүрэн хангаад байгаа юм.
Тус ажиллагаанд оролцож буй онцгой байдлын ерөнхий газрын 25 албан хаагчийг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч уулзаж, даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх, ариун их үйлсэд эх орон, ард түмнээ төлөөлөн оролцож буй залуустаа онцгой байдлын ерөнхий газрын тугийг хүлээлгэн өгч, үүрэгт ажилд нь амжилт хүслээ.