Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая мэдээлэл хийлээ. Түүнйи мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Гадаад орчинд уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнийн огцом бууралтууд үргэлжилсээр байгаа. Мөн гадаадаас оруулж ирж буй хөрөнгө оруулалтууд санасан хэмжээнд нэмэгдэхгүй, гадаадын хөрөнгө оруулагчид Монголын улс төрийн амьдралтай холбоотой үйл явцыг ажигласан, хүлээсэн байдалтай байна. Дотоод хүчин зүйлүүдийн хувьд бид энэ жилийн сүүлийн хагасын хувьд төсвийн алдагдлаа нөхөх, энэ чиглэлийн ажлуудаа эрчимжүүлэх шаардлагатай байна. Ургац хураах асуудал, малын хадлан тэжээл бэлтгэх асуудлууд, махны нөөцөө бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэлээ хангах энэ ажлууд биднийг хугацаа харгалзахгүйгээр, маш их хүчин чармайлтыг шаардсан байдалтай байна. Ийм нөхцөлд урагшаа явах асуудал буюу зарчмын асуудал, эрх ашгийн эрэмбийг зөв дараалах ийм шаардлага гарч ирж байгаа. Улс орны эрх ашиг, дараа нь улс төрийн намуудын эрх ашиг, хэсэг бүлэг, хувь хүмүүс, хувь улс төрчдийн эрх ашиг гээд бид бүхэн С.Зориг агсны хэлсэн энэ эрх ашгийн эрэмбийг байнга санаж байна ёстой.
Улс үндэстний эрх ашгийг хангахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ гэхээр парламентын засаглалтай манайх шиг улсад УИХ-д байгаа олонхи, олон суудал бүрдүүлж байгаа улс төрийн намын дарга нь Ерөнхий сайдын хувьд хамт байж ажиллах нь улс төрийн тогтвортой байдлыг хангахад хамгийн чухал үүрэг рольтой гэж үзэж байгаа. Ийм саналыг, ийм зарчмыг, зөвлөмжийг манай бүлгийн гишүүд надтай уулзахдаа хэлж байгаа. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлж мөн Ардчилсан намаас гаргасан шийдвэрээ хүндэтгэж миний хувьд дараах шийдвэрийг гаргаж байна.
Зургаан сайдыг огцруулах, чөлөөлөх энэ асуудал хуулийнхаа хувьд явж байгаа. Би танхимын сайд нартайгаа уулзсан. Ямар ч байсан зургаан сайдыг огцруулах асуудал нэгэнт улс төрийн намын шийдвэр гарсан учраас үйл ажиллагаа нь процессын дагуу үргэлжлээд явж байна. Засгийн газрын тухай хуулийн 23.1.1-д заасны дагуу энэ асуудлыг Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцнө.
Зургаан сайдын асуудлыг чөлөөлснөөр энэ асуудал өөрөө шийдэгдэхгүй. Асуудал нээлттэй хэвээрээ байсаар байх болно. Тийм учраас миний түрүүний хэлдэг намын дарга, Ерөнхий сайд хоёр хамт байх ёстой гэдэг асуудлыг үндсэнд нь шийдэх ёстой.
Одоо бид намрын чуулганаар ярих гэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, энэ чиглэлийн хариултыг нь улс орон даяар гаргах ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас дөнгөж сая УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдод Ерөнхий сайдын хувьд шаардлага хүргүүллээ.
Энэ шаардлагад дээрх асуудлуудаа шийдэх үүднээс Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хуралдааныг наймдугаар сарын 3-ны ээлжит бус чуулганаас өмнө зарлан хуралдуулж намын дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүн хоёр нэг байх асуудлыг нэг тийш нь гаргаж шийдэх ёстой.
Үүнийг ҮЗХ-ны бүрэлдэхүүнээр шйидэх ёстой. Яагаад гэхээр ҮЗХ-ны бүрэлдэхүүн гэдэг маань гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, УИХ-ын гишүүд, ҮЗХ-ын гишүүд гээд улс орон даяар ард түмэнтэйгээ нүүр тулж явдаг хүмүүс учраас энэ шийдвэрийг гаргах ёстой гэж үзэж байна. Тиймээс маш яаралтай хугацаанд ҮЗХ-ны ээлжит бус хуралдааныг хуралдуулах шаардлагыг намын даргад хүргүүлсэн.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
Сэтгэгдэл (54)