Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар ямар асуудал хэлэлцэн, шийдвэрлэсэн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нийтдээ 10 гаруй асуудлыг хэлэлцжээ. Мөн намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл байдал гээд цаг үеийн асуудлаар Засгийн газар хэд, хэдэн асуудлыг шийдвэрлэсэн байна.
Сүүлийн өдрүүдэд бороо хур элбэгшиж бэлчээрийн өвсний гаралт сайжирсан ч газар тариалангийн бүс нутаг болон төвийн аймгуудаар зуншлага муу, ган болсонтой холбоотойгоор хадлангийн ургамал ургаагүй байгаа юм.
Тиймээс ган, гачиг нүүрлэсэн аймгуудын өвөлжилтөд зориулж, зуншлага сайтай аймгуудаас хадлан тэжээл бэлтгэхээр болсон байна. Тодруулбал, ногоон тэжээл бэлтгэхэд 10 тэрбум, улсын онцгой нөөцийн бүсэд хадлан тэжээлээ хүргүүлэхэд 2 тэрбум гээд нийт 12 тэрбум төгрөг зарцуулахыг Сангийн сайд болон Хөгжлийн банкны ТУЗ-д даалгасан байна.
Энэ жил 395 га талбайд үр тариа тариалсан. Үүний 80 орчим га талбай гандуу байгаа аж. Тиймээс гандуу байгаа тариалангийн талбайн ургацыг ногоон тэжээлд авахыг тариаланчид салбарын сайдаас хүссэн. Харин Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг ярилцаж, тариаланчдыг дэмжихээр болсон байна. Түүнчлэн энэ өвөл Монгол Улсын хэмжээнд 58 сая мал өвөлжинө гэсэн урьдчилсан тооцоо байгаа аж.
Түүнчлэн нийт 1,2 сая бог, 250 мянга гаруй бод малыг экспортлохоор төлөвлөсөн байна. Харин дотоодын хэрэгцээнд зориулж хоёр сая бог, мөн багагүй хэмжээний бодын махыг нийлүүлэхээр тооцжээ. Үүнд 180 орчим тэрбум төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зээлэнд зарцуулахыг Сангийн сайдад даалгасан байна. 58 сая малын өвөлжилтөд 1.2 сая тонн өвс тэжээл шаардагдана гэсэн тооцоо байгаа аж.