“... Ичиж үхлээ та минь ээ! ...”,
“... Одоо бүр гадныхнаар хогоо цэвэрлүүлэхдээ тулаа юу? ...”,
“... Манай нийгэм ингэж л царай алдаж дээ ...”.
Эдгээр үгс уншигч танд нэг л ДОТНО юм шиг сэтгэгдэл төрүүлж магадгүй. Аргагүй биз, өнгөрсөн зунжингаа л Монголын нийгмийн сүлжээ хэрэглэгчид энэ үгийг хэрэглэсэн юмдаг.
Тодруулбал, Өнгөрсөн хавраас манай улсад амьдардаг гадаад иргэд найзуудаараа, гэр бүлээрээ нэгдэн Туул, Сэлбэ голын хогийг цэвэрлэж буй зургууд нийгмийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл өрнүүлсэн. Хүмүүс гадаадууд хог цэвэрлэсэн талаар хошуу уралдуулан мэдээлэхдээ “Монголчууд бид гадныхнаар хогоо түүлгэх дээрээ туллаа”, “Айлаас ирэхээр авдраа уудал гэж өөрсдөө яагаад цэвэрлэж болдоггүй юм бэ”, “Ичмээр юм аа” тэргүүтэй тайлбартайгаар тэрхүү зургуудыг фэйсбүүк, твиттер хуудсандаа түгээж байсан юм. Эдгээр нийгмийн сүлжээ хуудсуудад энэ сэдвээр хайлт хийгээд үзэх юм бол гадаадууд хог түүж буй бичвэр бүрийн дор Монголын өнөөгийн нийгмийг шүүмжилсэн сэтгэгдэл хэдэн зуугаараа хөвөрч харагдана.
Биднийг улаан нүүрээ "улалзуулахад" хүргэсэн хүмүүсийн нэг нь АНУ-ын иргэн Гаррет Уильсон гэх залуу байв. Ер нь нээрээ энэ улсууд чинь яагаад Монголын хогийг цэвэрлэсэн юм бол, нэгнээс нь очоод энэ тухай ямар үзэл бодолтой явдгийг нь асууж ярилцахсан гэж бодож явлаа. “Гадаадууд хог цэвэрлэв” сэдвээр олон удаа хайлт хийсний эцэст Гаррет Уильсоны фэйсбүүк хаягийг олж, холбогдсоноор түүнтэй энэ талаар ярилцах боломж тохиосон юм.
Ярицлага өгөхийг дуртайяа зөвшөөрсөн Гаррет Уильсонтой уулзсаны дараа ТЭД биднээс огт өөрөөр сэтгэж буйг мэдэж авав. Мань хүний яриа юуны өмнө "хогийг хэн цэвэрлэх ёстой вэ" тухай миний ойлголтыг өөрчилсөн юм. Учир нь би ч бас гадаадуудаар хогоо цэвэрлүүлээд амьхандаа л ичиж байсан хүмүүсийн нэг бөгөөд түүнтэй ярилцлага хийж хүмүүсийг улам ичээе, энэ асуудалд анхаарлыг нь татъя хэмээн бодож байсан. Гэтэл Гаррет Уильсон монголчууд “гадаадууд хог цэвэрлэсэн” гэдэгт биш “хог цэвэрлэх” гэдэгт л анхаараасай гэж хүсч байв. Тэрээр “Хогийг гадаадууд, монголчууд цэвэрлэх нь чухал асуудал биш юм. Хүн оршин байгаа орчноо цэвэрхэн байлгах нь л чухал” хэмээн ярьсан нь шүүмжлэгчид биднийг дэндүү ахархан сэтгэж байгааг ойлгуулах шиг боллоо.
Өөрийгөө монголчуудад таалагдах гэж эсвэл тэднийг харамсуулах гэж хог цэвэрлээгүй хэмээн ярьсан Гаррет Уильсон хог түүхийг үр хүүхдүүддээ өгч буй томоохон хөрөнгө оруулалт гэж байлаа. Учир нь түүнтэй хамт хог цэвэрлэсэн хүүхдүүд нь том болоод хогоо хаягдаггүй, байгаль дэлхий, хүрээлэн буй орчиндоо хайртай хүн болно. Ингэснээр тэд биеэ хэрхэн зөв авч явахыг, нийгэмдээ хэрхэн ээлтэй хандахыг мэддэг хүнлэг иргэн болно хэмээн энэ эцэг итгэдэг.
“Хогийг гадаадууд, монголчууд цэвэрлэх нь чухал асуудал биш юм. Хүн оршин байгаа орчноо цэвэрхэн байлгах нь л чухал.”
Монголд ирээд олон жил болж буй тэрээр одоо “Вагнер Ази” компанид ажилладаг. Ярилцахын өмнөхөн Гаррет Уильсон компанийн төлөөлөгчидтэйгөө хамт Төв аймгийн Батсүмбэр сумын хогийн цэгийг шинэчилчихээд ирлээ гэхэд нь яг тохирсон хүнээ олж уулзаж хэмээн олзуурхаж байв.
Хог цэвэрлэхийг хөрөнгө оруулалт, хүмүүнд байх ёстой эрхэм зуршил хэмээн харж буй Гаррет Уильсонтой энэ сэдвээр ярилцсанаа хүргье.
-Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Гаррет Уильсон гэдэг. АНУ-ын иргэн. Америкаас Монголд ирээд гурав гаруй жил болж байна. Анх ирснээс тооцвол 17 жил болж байна. 1998 онд Монголд хүрч ирэхэд соёл уламжлал нь их таалагдаад, Монголд маш их хайртай болсон. Тиймээс 2011 онд энд суурьшихаар эргэн ирсэн. Би “Вагнер Ази” компанид хэлтсийн захирлаар ажилладаг, гэр бүлээрээ сайхан амьдарч байна. Одоо энд амьдрахад бүх юм нь таалагддаг.
-Та монголоор их сайн ярих юм. Монгол эхнэртэй юу?
-Тиймээ, монгол эхнэртэй, 4 хүүхэдтэй.
-Цаашид эндээ суурьших бодолтой юу?
-Аль болох удаан баймаар байна. Эдийн засаг хямарч байгаа учраас ирээдүй тодорхойгүй байгаа. Таалагддаг учраас энд амьдармаар байна.
-Таны охидтойгоо хамт хог түүж байгаад авахуулсан зураг Монголын нийгмийн сүлжээнд их яригдлаа. Фэйсбүүкээр их олон удаа шэйрлэгдэж, твиттерт хүмүүс энэ талаар бичиж байна. Ер нь яагаад охидтойгоо хамт хог түүх болов?
-Манай 4-р ангийн охин намайг өөрөө дагуулж явсан. Охин маань Улаанбаатар дахь Олон улсын дунд сургуульд сурдаг бөгөөд тэдний ангийнхан сургуулийн хавийн Туул голын эрэг дээр цэвэрлэгээ хийх болсон юм. Тэдний ангийнхан өөрсдөө санаачлан ийм үйл ажиллагаа зохион байгуулсныг хэлэх хэрэгтэй. Эцэг эх, хүүхдүүд нийлсэн 30 орчим хүн цуглараад хог түүсэн.
-Та өөрөө хог цэвэрлэх хүсэлтэй байсан уу?
-Тэгэлгүй яахав. Жишээлбэл, Маршалын гүүрний урд тал бол хүмүүсийн очих дуртай газар. Гэтэл тэнд хогийн сав байдаггүй. Хогийн сав байсан ч ухамсар муутай улсууд бол идэж уусан юмныхаа хогийг хамаагүй хаяж орхидог. Үүнд би маш их харамсч явдаг. Далайд дусал нэмэр гэдэг шиг чадах хэмжээгээрээ туслаад хог түүсэн. Надтай хамт манай хоёр охин өөрсдөө хог цэвэрлээд, ааваасаа суралцаад, том болоод улам нийгмийн ухамсартай болоосой гэж би хүссэн. Олон удаа ингэж явах тусам охид маань хог хаяхгүй байх нийгмийн хариуцлагад илүү сайн суралцана хэмээн бодож байгаа. Энэ нь цаашид зуршил болно. Ер нь бол хаа сайгүй, нийгэм, хот цэвэр байвал тэдэнд маань л сайхан байна шүү дээ. Хүүхдүүдээ мэдээж аль болох цэвэрхэн орчинд амьдраасай гэж хүсдэг.
-Хэр удаан хугацаанд хэр их хог түүсэн бэ?
-Удаагүй ээ, бараг хоёр цаг ч хүрээгүй. Маш их хог байсан учраас бид нарын авчирсан уут амархан дүүрчихсэн юм. Наадам өнгөрөөд манай компани монгол ажилчдаа уриалж хог түүе хэмээн бодож байгаа.
-Охидууд нь хог цэвэрлэх зуур юу гэж байна?
Хог түүх зуур манай охид гомдоллоогүй. Гэхдээ тэд их гайхсан байх. Хогны дийлэнх хувь нь архины шил, пивоны лааз, тамхины хайрцаг, иш байсан. Энгийн ундааны сав бараг байгаагүй. Тэгээд манай охин “Аав аа, хүмүүс яагаад дандаа архины шил хаядаг юм бэ” гэж асуусан. Би өөрийнхөө биед хортой бодис оруулсан хүн буюу ухамсар арай бага, байгалиа хайрлах нь бага хүмүүс хаядаг юм гэж хэлсэн. Гэхдээ би тэнд хог хаясан хүмүүсийг бүдүүлэг гэж хэлэхийг хүсэхгүй байна. Хүн бүр бүдүүлэг биш шүү дээ. Ихэнх хүмүүс соёлтой, зөв бодолтой. Хоёр соёлтой хүн байхад нэг нь ухамсар муутай байж, тэр ганц хүний муу жишээнээс болоод хүн бүрийг муу нэртэй болгодог.
Гол нь хүмүүс зугаалахдаа хариуцлагатай байх ёстой. Хүн бүр зугаалахдаа нэг хогны уут авч яваад дуусаад хогоо уутанд хийгээд машиндаа аваад явч болно. Манай хоёр охин ийм л хариуцлагатай хүн байгаасай гэж хүсдэг.
-Та хог цэвэрлэсэн зургуудаа фэйсбүүктээ хуваалцахдаа бухимдсан өнгө аястай зүйл бичсэн байсан шүү дээ?
-Бухимдах нь аргагүй. Монголчууд байгаль дэлхийг олон зууны турш шүтэн биширсээр ирсэн. Гэтэл яагаад сүүлийн 30-аад жил байгалиа хогоор булж, муухай хандаж байгаа юм?. Богд уулыг монголчууд ариун газар гэж үздэг. Гэтэл ариун газрыг яагаад ариунаар нь хадгалахгүй байгаа юм бэ гэж бид боддог. Харин хүн бүр Богд уулыг ариун гэж итгэдэггүй. Тэгэхээр хүмүүсийг хогоо зөв газар хаяхад зөвхөн хувь хүний хичээл зүтгэл биш хотын захиргаа анхаарах ёстой. Хогийн сав байдаггүй, савандаа хийсэн ч хогийн машин ирж авахгүй тохиолдол байгаа учраас хог дүүрч, гадуур асгарч, хийсч бохирдуулдаг. Тиймээс хотын захиргаа хүмүүсийг зөв газар хог хаях нөхцлийг бүрдүүлээсэй гэж бодож байна.
-Таны зургуудыг бусдад хуваалцсан олон хүн гадаадуудаар хогоо цэвэрлүүлсэн монголчууд өөрсдөөсөө ичих хэрэгтэй гэж байна лээ.
-Би хүмүүсийн комментийг уншаад буруугаар бодож байна гэж бодсон. Хог түүхэд гадаад, монгол гэсэн ялгаа байх ёсгүй. Би бол дэлхийн иргэн. Хаана ч байсан цэвэрхэн л байх ёстой. Тийм учраас би гадаад хүн байх нь хамаагүй. Хамгийн гол нь хог түүсэн нь чухал, цаашид хаяхгүй байх нь бүр чухал. Зарим монголчууд ичмээр байна гэж бичсэн байсан. Үүнийг уншаад би дотроо харамссан. Хүмүүсийн ингэж гэмшүүлэх гэж тэр зургийг тавиагүй.
Энэ бол гадаад, монгол хүмүүсийн өрсөлдөөн биш. Би монгол хүн биш ч Монголд амьдарч байгаа учраас цэвэрлэсэн. Би зөвхөн өөрийнхөө хүүхдүүдэд л үлгэр жишээ байхыг хүссэн юм.
Бид хүмүүсийг ичээч гэж шүүмжилж болохгүй. Чиний урд явсан хүн хогоо газарт хаячихвал, Ах аа, та юм унагаачихсан гээд эелдэгээр хэлж болно. Эсвэл өөрөө аваад хаяж болно. Энэ үед хэн нэгэн таны сайн жишээг харж, хэрэгжүүлэх л болно. Тиймээс өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлээсэй гэж боддог. Хувь хүн бүр хотын зөв соёлыг Монголд түгээхийг хичээх юм бол олон хүнд нөлөөлөх байх.
-Хогны асуудалд хувь хүн хичээхээс гадна хот анхаарах ёстой гэлээ. Гэтэл хотын төвд хогийн сав олноор байхад хог байж л байдаг. Үүнийг хэрхэн хардаг вэ?
-Мэдээж хөгжингүй орнуудыг бодвол Улаанбаатар харьцангүй залуу. Орчин үеийн хотыг байгуулаад 100 орчим жил болж байна. Ардчилсан улс болоод л 25 жил болж байна. Энэ бага хугацаанд бүх юмыг сайхан болгох гээд дэмий гэж би хувьдаа боддог. Жаахан тэвчээртэй байх хэрэгтэй.
Сүүлийн үед хүмүүс дэлхий нийттэй их танилцаж, тэрнийхээ хэрээр хотожсон соёлыг хүсч бухимдах болсон. Тэд гадаадын том том хотууд ямар байдгийг мэдээллийн хэрэгслүүдэр үзэж, аялж мэддэг. Тэгээд хүмүүс өөрсдөө бусад хотуудыг Улаанбаатартайгаа харьцуулж байна. Яагаад бид Москва, Бээжин, Нью-Йорк шиг байж болохгүй вэ хэмээн харж байна.
Гэхдээ дандаа шүүмжлэх биш аль болох сайн талыг харж явах ёстой гэж бодож байна. Тухайлбал, хогийн савны тоо нэмэгдсэн, автозам тавьсан гэх мэт олон хөгжил гарсныг бид сүүлийн жилүүдэд харж байгаа.
-Та өмнө нь Монголд хог цэвэрлэж байв уу?
-Тиймээ. Сэлбэ голыг хоёр гурван удаа цэвэрлэж байсан. Мөн АНУ-ын ЭСЯ нэг, хоёр удаа хог цэвэрлэх арга хэмжээ зохион байгуулж тэр хавийг цэвэрлэж байв. Манай байгууллага ч мөн иймэрхүү арга хэмжээг зөндөө зохион байгуулж байсан. Энэ нь нийгэмд том буян болсон гэж бодож байна. Гэхдээ энэ бол нэг удаа хийгээд дуусах ажил биш. Үргэлжилж байх ёстой.
-Хөгжингүй орнуудад гадаад гудамжинд хог хаях нь бага харагддаг. Харин таныг бага байхад орон нутагт чинь хогны асуудал өнөөгийн Монголынх шиг нийгэмд яригдаж байв уу?
-Би Америкийн Саудлэйкс гэдэг газраас ирсэн. 270 орчим оршин суугчтай. Тулгамдаад яг санаад орж ирэхгүй байна. Гэхдээ АНУ-д одоо ч бохир хэсгүүд бий. Энэ нь дүүргийн зохион байгуулалтаас ихээхэн хамаардаг. Хогны асуудлыг цэгцлэхэд хотын захиргааны үйл ажиллагаанаас гадна хотын ерөнхий төлөвлөлт маш чухал. Ерөнхий төлөвлөлт сайн байвал хог хаядлыг цэвэрлэхэд амар байдаг. Тухайлбал, үйлдвэрийн газар хотын оршин суугчдаас тусдаа байх ёстой. Хол байвал иргэдийн ариун цэвэр, цаашлаад эрүүл мэндэд чухал. Тиймээс иймэрхүү журам хэрэгждэг бол хэмээн боддог.
-Хог хаягдлын эсрэг хуулийн хэрэгжилт манайд муу байна л даа. Бүр хатуу торгууль ногдуулбал яах бол? АНУ-д ийм арга хэмжээ авч асуудлыг шийдэж байсан туршлага бий юу?
-Надад бол арчилгаа хангалтгүй байгаа санагдаж байна. Хог цэвэрлэдэг хүн хүч хүрэлцэхгүй ч юмуу эсвэл техник хүрэлцдэггүй. Нөгөө талаас хэвшил болоогүй байна. Тиймээс энэ байдлыг зохицуулахын тулд торгуультай болох хэрэгтэй шүү дээ. АНУ-д ийм торгууль байдаг. Хот бүр торгуулиа өөр өөр хэмжээгээр тогтоосон байдаг. Тухайлбал, хориод жилийн өмнө манай найзын машин доторх хог задгай дээврээр нь хийсээд ард явсан цагдаагийн машины шил рүү цохисон. Тэгээд 100 доллараар торгуулж байсан юм. Тухайн үед их мөнгө байсан бөгөөд тийм эрх цагдаад байсан тул бид төлсөн. Дахин машинаасаа санаандгүй хог хийсэхээс ч сэрэмжилдэг болсон. Тэгэхээр Монголд хатуу хуультай, хуулиа сайн хэрэгжүүлдэг болвол хүмүүс санаатай битгий хэл санаандгүйгээр ч хог хаяхыг хүсэхгүй шүү дээ.
-Та хүүхдүүдээ нийгмийн хариуцлагатай хүн болгохыг оролдож байгаа гэсэн. Монголд хариуцлагатай хүмүүс байгаа. Хариуцлагагүй хүмүүс ч байгаа. Монголчуудын нийгмийн хариуцлагыг үнэлбэл хэр байна?
-Харьцангүй өндөр. Яагаад гэвэл улсаас тусламж хүлээж суугаад дэмий гэдгийг хүмүүс ойлгосон. Монголчууд бие биедээ тусалдаг цайлган сэтгэлтэй хүмүүс. Тиймээс бие биедээ туслахад бэлэн хүмүүс гэж ойлгодог. Гэхдээ заримдаа яаж хариуцлагатай байх вэ гэдгээ мэддэггүй байх. Харин компанийн зохион байгуулалтыг хөшүүрэг болгох хэрэгтэй санагддаг. Жишээлбэл, компани нийгмийн хариуцлагаа хүлээгээд унааг нь гаргаад иргэдийг хог цэвэрлэе гэж уриалбал хүмүүс дуртай л байх болно. Мөнгө гаргаж нийгмийн хариуцлагаа хүлээх юм бол салхинд хийсч байгаа зүйл биш. Компаниуд нийгмээс ашиг авч байгаагийнхаа төлөө нийгмийн ачийг хариулах ёстой. Тиймээс нийгмийн төлөө үрж буй мөнгийг зарлага биш хөрөнгө оруулалт хэмээн харж болно. Нийгэм өсч хөгжих тусам компанийн ашиг нэмэгддэг цикль байдгийг мартах ёсгүй.
Хувь хүнээр ярих юм бол би охиддоо цаг зав гаргаа хамт хог цэвэрлэж, туршлага сургах нь тэр хоёр том болоод хог хаядаггүй болохтой адил юм. Энэ нь надад маш таатай байх болно. Гэхдээ энэ бол нэг удаа заах хичээл биш, олон удаа зааж байж дадал болно.
-Компанийн нийгмийн хариуцлага гэснээс танай компани Төв аймгийн нэг сумын хогийн цэгийг цэвэрлэж, сав байршуулж өгснөөс хоёулаа үдээс хойш ярилцлагаа хийхээр болсон. Энэ талаар сонирхож байна?
-Аливаа компанийн хувьд хүмүүс, байгаль орчин, ашиг гэсэн гурван зүйл нягт холбоотой байдаг. Эхний хоёрыг хангаагүй бол гурав дахь муу байдаг хуультай. Тийм болохоор манай компани нийгмийн хариуцлагаараа Монголд жишиг компани болохыг хүсч байна. Төв аймгийн суманд 60-аад жилийн хугацаанд нэг газар хогоо хаяад, салхинд хийсгээд, сумын төв рүү урсдаг сарьдаг руу хогоо асгаад, өөрсдийнхөө уудаг усыг бохирдуулж байсан. Үүнийг нь бид өөрсдийн санаачлагаар очиж цэвэрлэж өгөөд, нөхөн сэргээх үзлэг хийгээд, хогийг нь түүж өгөөд, ийм юм барьчихаад ирсэн. Хариу юу ч нэхээгүй. Байгаль орчныг хамгаалах нь иргэн болгон, компани болгон хүлээн ёстой үүрэг хариуцлага гэж боддог.
Орон нутгийн иргэд биднийг маш сайхан хүлээж авсан. Бид нийгмийн хариуцлагаа хүлээж буйгаа олон нийтэд мэдээлэхийг зорьж байгаа. Ингэснээр олон компани бидэнтэй адил ийм зүйлийг хийнэ хэмээн найдаж байна.
-Та компаниараа дамжуулан хогны асуудлаар өөрийнхөө эх оронд өрнөж байсан туршлагыг Монголд хэрэгжүүлье гэсэн санаа байдаг уу?
-Хүний нүдэнд шууд ил харагддаг санаанууд бий. Томоохон нисэх онгоцны буудлууд л гэхэд хогийг дандаа ялгаж хаядаг нь маш зөв. Энэ нь хогийг дахин боловсруулахын үндэс болдог. Тухайлбал, хуучин машинуудын дугуйнуудыг маш жижиг жижгээр хэрчээд хүүхдийн тоглоом бэлддэг шавар болгож болно. Эсвэл зөөлөвчтэй шал болгож болно. Монголд анх намайг ирэхэд бас 2008 оны үед ч ундааны шилийг дахин ашигладаг байсан. Ундааг ТҮЦ-ийн хажууд уугаад шилийг нь буцааж өгдөг байв. Одоо бол тэрхүү шил хуванцар болж өөрчлөгдсөн бөгөөд ийм хаягдал хаа сайгүй харагдаж байна. Хогийг дахин боловруулах нь улс гүрний ажил биш. Хувь хүн, хувийн компаниуд үүнээс их хэмжээний ашиг олж болно.
-Та гэрийнхээ хогийг ялгаж хаядаг уу?
-Тиймээ, ялгаж хаядаг. Манай хотхон бол тусдаа ялгадаг хогийн савтай. Гэхдээ манай компанийн оффист ялгаж хаядаг сав байдаггүй. Уул нь тийм саваар хангамаар байна. Гэхдээ ингээд ялгасан тохиолдолд цаашид яаж хүргэх вэ гэдэг асуудал гарч ирээд байгаа юм. Манай байгууллага ингэж ялгалаа гэхэд хаана, хэнд ялгасан хогоо өгөх вэ гэдгээ мэддэггүй. Хогийн машин ирээд бөөнд нь аваад явбал үр ашиггүй болно. Тэгэхээр энэ асуудлыг бас тодорхой болгох хэрэгтэй.
-Хог хаяхгүй байхыг уриалснаар яриагаа өндөрлөе.
-Байгаль орчноо хамгаалцгаая гэж уриалмаар байна. Зөвхөн хотын орчин биш хөдөө гадуур явахдаа байгаль орчноо хайрлая. Хотын иргэдийн хувьд бүр ч их хариуцлага хүлээдэг. Бид бусдаас таслагдсан орчинд амьдардаггүй. Бид дундаа нэг газрыг ашиглаж амьдарч байна. Тиймээс хувиа бодолгүй бусдыг ч гэсэн бодож амьдрах хэрэгтэй. Тэгэх тусам Улаанбаатар илүү сайн хөгжиж цэцэглэх болно гэж боддог. Хогоо хогийн савандаа хийж байгаарай гэж уриалж байна. Мөн соёлтой хүмүүсийг арай илүү давамгай болгох хэрэгтэй.
Ярилцсанд баярлалаа.
Д.Идэржаргал
Сэтгэгдэл (13)