Эрүүгийн цагдаагийн газрын хуурамч мөнгөн тэмдэгтийн санд бүртгэгдсэн хуурамч мөнгөн тэмдэгтийн 25 хувийг эзэлж байсан өнгөт хэвлэгч төхөөрөмж ашиглан үйлдэгдсэн 47 серийн 662 ширхэгийг “У” гэгч нь хуурамчаар үйлдэн гүйлгээнд оруулсныг тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
У нь ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүр, БГД-ийн “Түмэн плаза” дэлгүүр болон бусад аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэхдээ 20000 төгрөгийн АВ2200647, АВ8839769 серийн дугаартай мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийжээ. Тиймээс уг эмэгтэйг эрэн сурвалжилж байгаа бөгөөд дээрх этгээдийн талаарх мэдээллийг 96102102 утсаар хүлээн авч байна. Мэдээллийн нууцыг чандлан хадгална гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Цагдаагийн байгууллагад 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд иргэн, аж ахуйн нэгжээс энэ төрлийн гэмт хэргийн талаар нийт 498 гомдол мэдээлэл ирсэн байна. Хуурамчаар үйлдсэн мөнгөн дэвсгэртийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт бэлэн мөнгөөр худалдаа үйлчилгээ эрхэлдэг зах, хүнсний дэлгүүр, ТҮЦ, гар дээрээс наймаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдээр дамжуулан гүйлгээнд оруулж байгаа нь тогтоогдоод байна.