Шүүгчдэд ёсзүйн хяналт тавих үүднээс Ёсзүйн хороо ажиллаж байгаа билээ. Хагас жилийн байдлаар уг хороонд 124 шүүгчид холбогдох 96 гомдол, өргөдөл ирсэнийг өчигдөр ШЕЗ-өөс онцолсон. Гомдлыг шалгаж 17 шүүгчид хэрэг үүсгэснээс 4 шүүгчид хариуцлага тооцсон байна. Тодруулбал, 3 шүүгчид сануулах, 1 шүүгчид цалингийн хувиар торгох хариуцлага тооцжээ. Харин ажлаасаа чөлөөлөгдсөн шүүгч хараахан байхгүй байна.
ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханаас шүүгчийн ёс зүйтэй холбоотой зарим асуудлаар ярилцлаа.
-Шүүгч ёс зүйгүй байдал гаргаж, буруу шийдвэр гаргах нь хэр байдаг бол?
-Шүүгчийн ёс зүйн асуудалд онцгой анхаарч байна. Шүүхийн шинэтгэлийн гол үр дүн одоо эхэлж байна. Шүүгчийн ёс зүйн хороо ажиллаж байна. Өнгөрсөн оны байдлаар 300 гаруй шүүгчтэй холбоотой гомдол байна. Мөн хуулийг нэг мөр хэрэглэх талаар шүүхийн байгууллага шүүгчдийн талаар онцгой анхаарч ажиллаж байна. Шүүхийн судалгааны хүрээлэн гарч ирж, шүүгчийн алдаа оноонд үнэлэлт дүгнэлт хийж зөвлөмж өгдөг. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох ялангуяа давах болон хяналтын шатанд ямар асуудлыг хянах ёстой вэ гэдэгт зааг ялгааг нь гаргах асуудал гарцаа байхгүй яригдана. Тиймээс энэ арга хэмжээний хүрээнд олон улсын хэмжээнд хүрэх болов уу гэж харж байна.
-Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бусад шүүх өөрчилвөл анхан шатны шүүгчид хариуцлага тооцох уу?
-Хуулиараа шүүгч өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрт хариуцлага хүлээлгэх ёсгүй. Энэ нь шүүгчийн биеэ даасан хараат бус байдалд нөлөөлөх учир олон улсын хэмжээнд дээд шүүхийн шатанд шийдвэр нь өөрчлөгдсөн тохиолдолд тухайн шүүгчид хариуцлага тооцдог тухай ойлголт байхгүй. Манай улсад үйлчилж байгаа хуулиар ч гэсэн тооцох үндэслэл байхгүй. Энэ жишгээрээ цаашид явна. Хамгийн гол нь шүүхийн шийдвэр өөрчлөгдөж байгаад нөлөөлж байгаа олон хүчин зүйлүүд бий. Түүнийг арилгахын тулд ажиллах ёстой. Шүүгч гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээхгүй. Хэрвээ хүлээдэг болвол шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж өөрөөр хэлбэл, давах хянах шүүх нь анхан шатны шүүгчээ хянадаг тогтолцоонд орно гэсэн үг. Шүүх бие даасан байна гэдэг нь шат шатны шүүх бие даасан байхыг хэлнэ. Ийм байж шүүхийн тогтолцоо цаашид үргэлжилнэ. Бид энэ байдлыг цаашид ч хадгална. Хариуцлага тооцох олон арга журам байна. Үүний нэг нь шүүгч ёсзүйн алдаа гаргасан байвал ёсзүйн хорооноос тухайн шүүгчид хариуцлага тооцож, сануулах цаашлаад огцруулах ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авна.
-Шүүгчид хариуцлага тооцох нь зөвхөн ёсзүйн хороонд байгаа гэсэн үг үү?
-Шүүгчтэй холбоотой гомдлууд яригдаж байна. Шүүгчийг шууд огцруулдаг ажлаас нь халдаг асуудал байхгүйг Үндсэн хуульд тодорхой заасан байдаг. Хамгийн гол нь ёсзүйн хорооны шийдвэр гарсан тохиолдолд шүүгчийг ажлаас халах боломжтой. Шүүгчтэй холбоотой гомдол гарвал ёсзүйн хороонд хандах хэрэгтэй.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)