АНУ-ын Юта мужийн иргэн Хэйтер Эллис тээж байсан хоёр ихэр хүүгээ эрүүл мэндийн асуудлаас болж 22 долоо хоногтойд нь төрүүлжээ. Бяцхан хөвгүүддээ Чэйс, Куүпер хэмээх нэр хайрласан боловч харамсалтай нь аав, ээж, зургаан настай ахынхаа гар дээр гучхан минут “амьдраад” хорвоог орхисон байна. Удаан хүсэн хүлээсэн ихрүүдийнх нь хувь заяа ийнхүү зүрх шимшрэм төгссөнөөс нэг сарын дараа Эллис хөвгүүдийнхээ зургийг фэйсбүүк хуудастаа нийтэлж, хүмүүсийг үр хөндөлтийн эсрэг уриалсан байна.
Эллис уг уриалгадаа “Би 22 долоо хоногтой хүүхэд ямар харагддагийг хүмүүс мэдээсэй гэж хүссэн юм. Таван сартай ургийг хөндөхийг олон улс оронд хуулиар зөвшөөрсөн байдаг. Гэтэл би бяцхан хөвгүүдээ тэвэрч байхдаа эсэн мэнд үлдээхийг ямар их хүсч, залбирч байсан гээч. Тиймзэс тэдэнтэй адил олон ургийг үр хөндөлтөд өртөлгүй хүний хорвоод мэндлээсэй гэж хүссэн. Хүүхдээ төрүүлсэн хойноо үрчлэх гэх мэт илүү дээр олон сонголт байгаа шүү дээ. Хүүхэд бол бурхны бидэнд өгсөн онцгой бэлэг. Хэн нэгэн үүнийг уншаад хийх гэж байгаа сонголтоо дахин тунгаах болов уу гэж найдаж байна” гэжээ. Түүний уриалга олон мянган хүний дэмжлэг авсан бөгөөд эцэг, эхчүүд өөрсдийн түүх, сэтгэгдлийг хуваалцсан байна. Мөн Эллис шинэ блог нээж, өөртэйгөө адил асуудалтай хүмүүстэй санал сэтгэгдлээ солилцдог болжээ. Уншигч та ч бас www.chaseand- cooper.blogspot.com блогт зочилж тэдэнтэй нэгдэж болох аж.