УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийн талаар болон Засгийн газрын зарим сайд нарыг томилж чадахгүй байгаа асуудлаар мэдээлэл хийж байр, сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-аар даруй хэлэлцэж шийдвэрлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол уг хуулийг зуны цагт баталсны хэрэг гарахгүй. Учир нь Өршөөлийн хуулиар суллагдах гэж 2-3 мянган хоригдол хүлээлтийн байдалтай байна. Тэднийг сулласны дараа гэрт нь хүргэхээс эхлээд маш олон ажлыг зуны цагт хийж, хэрэгжүүлэх ёстой. Гэтэл хоригийг хэлэлцэх гэсээр байтал намар болж зардал, мөнгө ч их гарах гээд байна. Хоригийг хэлэлцэх эсэхийг хүлээсээр байтал хоригдлуудын дунд хүлээлт үүсч, тэднийг чөлөөлөх ажил ч гацаанд орох гээд байна. Тийм учраас уг асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах хэрэгтэй” гэж хэлэв.
Тэгэхээр ирэх намрын чуулган буюу 10 дугаар сарын 1-ны өдөр хүртэл цаашлаад нам, эвслүүд завсарлага аваад явчихбал уг асуудал 11 дүгээр сар хүртэл сунжрах төлөвтэй байна. Тиймээс Өршөөлийн хууль цаашид хэвийн үргэлжилж чадах эсэх нь эргэлзээтэй болно гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэллээ.
Хуулинд зааснаар бол Тухайн хуульд УИХ-ын бусад шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа Ерөнхийлөгчийн хориг тавьсан хугацаатай давхацвал хоригийг хэрхэх тухай асуудлыг УИХ хянан хэлэлцэж, дуусах хүртэл уг УИХ-ын бусад шийдвэр буюу түүний зарим хэсгийн үйлчлэл түр зогсох ёстой аж.
Мөн Ерөнхийлөгч хориг тавихдаа Өршөөлийн хуулийн 4.1 болон 7 дугаар зүйлд хориг тавьжээ. 4.1 гэдэг нь шоронд хоригдож буй бүх хүн. Харин 7 дугаар зүйл нь мөрдөн байцаалтад явж буй бүх хүн аж.
Үүнээс үзвэл Ерөнхийлөгч энгийн иргэд болон цагаан захтнуудыг бүгдийг өршөөхгүй гэсэн байна гэж О.Баасанхүү хэллээ. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн энэ хэсгийн ойлгомжгүй байдлаас болж шоронд хоригдож байгаа хүмүүс “Би Өршөөлд хамрагдах юм уу, хамрагдахгүй юм уу” гэсэн асуултуудыг Өргөдлийн байнгын хороонд ихээр ирүүлэх болжээ.
Мөн Ерөнхий сайд өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд зургаан сайдынхаа нэрийг оруулж ирээд хэлэлцүүлээд явах ёстой гэж тэрбээр хэлэв. Тэрбээр “Ерөнхий сайд сайдад нэр дэвшигчдийн нэрийг заавал аль нэг намаас авч оруулж ирэх албагүй. Хуулинд ч ингэж заагаагүй. Огцорсон Засгийн газар дээр харилцаа үүсээгүй шүү дээ. Цөөн хэдэн сайдын орны хүмүүсийг томилох ажил явагдаж байхад Ерөнхий сайд өөрийнхөө эрх мэдлийг ашиглаад сайд нарынхаа нэрсийг оруулж ирж чадахгүй байна. Хэрвээ Ерөнхий сайд нэрсээ оруулж ирж чадахгүй бол кабинетээ бүрдүүлж чадахгүй байна гэж хэлээд албан тушаалаасаа огцрох хэрэгтэй. Өнөөдөр “Намуудтай ойлголцож чадахгүй байна гэх нэрээр Засгийн газрын сайд нараа томилж чадахгүй Ерөнхий сайд үнэхээр гутамшиг” гэж хэллээ.
Мөн өвөлд бэлтгэх их ажил хаяанд ирж байхад нэг сайд гурван давхар дээлтэйгээр ажиллаж чадахгүй. Хууль зүйн сайд л гэхэд Шадар сайдын үүргийг давхар гүйцэтгээд онцгой байдлын газрыг удирдана гэдэг хэцүү гэлээ. Тэгэхээр Засгийн газрын асуудлыг даруй шийдвэрлэх ёстой гэж тэрбээр хэлэв.
-Зургаан сайдыг томилохгүйгээр Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан хоригийг хэлэлцэх гэж ээлжит бус чуулган зарлаж болдоггүй юм уу?
-Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан хорийг хэлэлцэх гэж ээлжит бус чуулган зарлаж болно. Гэхдээ өнөөдөр сайд нараа томилохгүй байх шалтгаан байхгүй байна шүү дээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилбол Ерөнхий сайд 30 хоногийн дотор кабинетаа 30 хоногт багтаж бүрдүүлэх ёстой. Түр чөлөөлөгдсөн орны сайдыг томилоход хугацаа байдаггүй. Гэхдээ Ерөнхий сайд намын фракцийн зөрчил, сайд дээрээ тохиролцож чадахгүй байна гэж утгагүй зүйл ярихынхаа оронд Ерөнхий сайд шиг Ерөнхий сайд байх хэрэгтэй. Өөрөө хамтарч ажиллаж чадна гэсэн хүмүүсийнхээ нэрийг оруулах хэрэгтэй. Намыхан нь Засгийн газартаа итгэл үзүүлж чадахгүй байгаа бол огцорсон нь дээр. Ерөнхий сайд нам төрийг хослон баригч болох гэж жүжиглэхээ болих хэрэгтэй. Аргаа барахад УИХ-ын дарга Өршөөл үзүүлэх тухай хуультай холбоотой асуудлыг цэгцлэхгүй бол 191 зүйлчлэл хоригтой байна.
-Хориг тавьсан заалтуудаас бусад заалтыг хэрэгжүүлээд явж болно гэсэн үг үү?
-Төрийн мэдээлэл сэтгүүлийн 31 дүгээр дугаарт Өршөөл үзүүлэх тухай хууль нийтлэгдсэн. Ингэхдээ УИХ-ын тухай хуулийн 34.3-т хоригийн талаар тодорхой заасан. Энэ хуулиар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 191 зүйчлэл дээр түтгэлзээд хэрэгжих боломжгүй болгосон. 5.1 гэж заалтад хорих ялаас хоёр жил хасна гэж бий. 9.1-т ялаас нэг ч сар, нэгч жил хасахгүй гэж заасан. Тэхээр хориход байгаа нэг ч ялтан суллагдахгүй, мөрдөн байцаалтад байгаа нэг ч хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаргдахгүй. Ерөнхийлөгч долоон зүйл ангиар бичиг явуулсан байна билээ. 184 зүйл ангийг хэрэгжүүлээд яваад байдаг. Гэтэл 4.1 гээт биччихсэн болохоор гацаанд орчихоод байгаа юм.
-Эвсэлийг бүрдүүлж байгаа намууд сайд дээрээ тохирч чадсан юм уу. Танай намын дарга Н.Батцэрэг гишүүнийг МАХН-д орвол Шадар сайд болгоно гэж хэлсэн мэдээлэл байна энэ үнэн үү?
-Би нам, эвсэлийг төлөөлж ярьдаг хүн биш. Тиймээс холбогдох хүмүүсээс нь асуусан нь дээр байх.
Т.Хулан
Сэтгэгдэл (14)