Дөнгөж УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хориг болон Прокурорын баяр дээр хэлсэн үгтэй нь холбогдуулж мэдэгдэл хийлээ. Мэдэгдлийг эндээс уншина уу.
Энэ үеэр тус бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Ерөнхийлөгчийг Өршөөлийн хуульд хэсэгчилж бус бүхэлд нь хориг тавьсан гэж мэдээллэв. Учир нь Ерөнхийлөгч хориг тавихдаа Өршөөлийн хуулийн 4.1 болон 7 дугаар зүйлд хориг тавьжээ. 4.1 гэдэг нь шоронд хоригдож буй бүх хүн гэсэн үг бол 7 дугаар зүйл нь мөрдөн байцаалтад явж буй хүн бүхэнд хамаатай гэсэн үг аж.
Үүнээс үзвэл Ерөнхийлөгч одоо хоригдож энгийн иргэд болон цагаан захтнуудыг бүгдийг өршөөхгүй гэсэн байна гэж З.Баянсэлэнгэ гишүүн мэдэгдсэн юм.
Энэ талаар түүнээс тодрууллаа.
- Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хэсэгчлэн хориг тавьсан гэж мэдээлсэн. Танай бүлэг яагаад бүхэлд нь хориг тавьсан гэж үзэж байгаа юм бэ?
-Үүнийг хууль зүйн талаас нь тайлбарлана. Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчилж хориг тавиагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Ерөнхийлөгч 4.1 болон 7 гэсэн зүйл заалт дээр хориг тавьсан нь хэсэгчилж хориг тавьж байгаа мэт харагдуулж байгаа юм. 4.1, 7 хоёр дээр хориг тавьсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүрхийг сугалаад авчихаж байна гэсэн үг. Энэ хоригийг хүлээж авбал Өршөөлийн хууль гаргах ямар ч боломжгүй болно. Тухайлбал 4.1-т хорих газар ял эдлэж байгаа бүх хүний асуудал байгаа. Хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэргээр ял эдлэж байгаа хүмүүс хамаарна. 7 дахь заалт бол мөрдөн байцаалтын шатанд явж байгаа бүх хэрэг. Энэ хоёр заалтыг аваад хаячхаар хорих газраас хүн суллагдахгүй, мөрдөн байцаалтын шатнаас хүмүүс гарч чадахгүй. Хоригийг хүлээж авснаар хорхихоос өөр төрлийн хөнгөн ялтай хүмүүс, торгосон, баривчилсан, эрх хязгаарлсан хүмүүсийн хэрэг хамрагдана. Хорих газар маш олон хүн гарахаар хүлээж байна. Тиймээс Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавибал нийгмийн эсэргүүцлийг дааж чадахгүй учраас бүхэлд нь хориг тавилаа гэж хэлж чадалгүйгээр хэсэгчилсэн мэт харагдуулж байна. Бид өнөөдөр энэ үнэнийг хэлэхгүй бол Ерөнхийлөгчийн алдаатай бодлогыг дэмжсэн хэрэг болно. Өршөөлийн хуулийг ингэж улс төржүүлж, нийгмийг самарч, ард түмнээ хагаралдуулах шаардлага юунд байна вэ. Үүний ар талд Тавантолгойн асуудал явж байна. Ерөнхийлөгч хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдэлд халдаж байна.
-Ерөнхийлөгчийн прокурорын байгууллагын хурал дээр хэлсэн үгийг заналхийлэл байсан гэж хэлсэн. Хэн нэгэнд хандаагүй байсан шүү дээ. Хэнийг заналхийлсэн гэж үзэж байгаа юм бэ?
-Ерөнхийлөгч гадаад орноос салхилах гэж энд ирдэг юм байна. Чигтэй агаараа амьсгалаад байж байхгүй яасан юм бэ. Зочид буудлаас бусдыг удирддаг юм байна гэж хэлсэн. Хэнд зориулаад хэлж байгаа нь тодорхой. Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлэийг илэрхийлэгч, төрийн тэргүүн. Төрийн тэргүүний хувьд төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг байгууллага дээр очоод чиглэл, даалгавар өгөөд хоригийг л хүлээгээд авчих тэгээд л бүх асуудал боллоо гэж хэлсэн. Хууль хяналтын байгууллагууд улстөрчдийн даалгавараар үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг Ерөнхийлөгч өөрөө батлаад байна. Ийм харамсалтай зүйл ойн баяр дээр ярьж байна гэдэг нь дэндүү өрөвдөлтэй санагдаж байна. Чиг үүрэг хэрэгжүүл гэж даалгавар өгөөд дараа нь цалинг нь нэмье гэж хэлж байна билээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (52)