Наймдугаар сард Сингапур улс тусгаар тогтнолынхоо 50 жилийн ойг нүргээнтэй тэмдэглэн өнгөрүүлсэн. 50 жилийн өмнө харин энэ өдрүүд Сингапурчуудын хувьд баярт бус гунигт өдөр байсан юм. Газрын ямар ч баялаггүй, дэлхийн газрын зурагт цэгийн төдий тэмдэглэгдсэн энэ хот улс Малайзын нөлөөнд орохоор чармайж байсан юм. Гэвч тэр нь бүтээгүй. Өнөөдөр бүх зүйл өөрчлөгдсөн. Жижигхэн тэр “Улаан цэг” дэлхийн санхүү эдийн засгийн төв болж Ази Европыг холбосон том улаан цэг болон хувирчээ. Тэдний амжилт, түүхийг товчхон өгүүлэхийг зорилоо.
Саяхан зургаадугаар сарын сүүлээр Австралийн Ерөнхий сайд Тони Абботт Сингапурт албан ёсны айлчлал хийхдээ тус улсын хөгжлийг гайхан биширч байсан юм. Сингапурын эдийн засаг дэлхийн тав дахь тив болсон Австралиас чадамжаараа нэг дахин том болж өссөн нь тэр гайхан бишрэлийн шалтгаан нь болжээ.
Сингапурын далайн боомт дэлхийд хоёрт бичигддэг. ДНТ-ээрээ дэлхийд эхний аравт багтахаас гадна хүн амд ногдох саятнуудын тоогоор дэлхийд толгой цохиж байна. Өөрөөр хэлбэл 35 иргэн тутмын нэг нь саятан. Сингапурын зэвсэгт хүчин хөрш орнууд Индонез, Тайландтай мөр зэрэгцэхүйц чадалтай болж чадсан. Харин транспаренси интернашинал авлигын индексээр хөрш улс орнуудаа хол хаяж бүр Европын тэргүүлэх улс орнууд Норвеги, Швейцар, Шведийн түвшинд явна. Гэтэл 1965 оны 8-р сарын 9-ны тэр өдөр өнөөгийн Сингапурыг үүсгэн байгуулагч Ли Куан Юү хэвлэлийн бага хурлын үеэр Сингапурыг Малайзтай нэгтгэх миний мөрөөдөл талаар боллоо. Нас бие гүйцсэнээс хойш үүнд итгэл төгс байсан юм гэж нулимс дуслуулан хэлж байсан гэдэг. Малайзын хувьд Хятад үндэстэн давамгайлсан энэхүү хотыг өөрийн харьяалалд авах боломжгүй гэж үзэж байсан юм. Түүнээс хойш нэгхэн үе өнгөрөхөд загасчны жижигхэн арлаас барын үсрэлт хийн дэлхийн санхүү эдийн засгийн төв цэг болж чадсан. Индонезийн Ерөнхийлөгч асан Б.Ж. Хабиби Сингапурыг „газрын зурган дээрх жижигхэн улаан цэг“ хэмээн тохуурхан хэлснээс хойш ийнхүү тэр улаан цэг бүх иргэдийнх нь сэтгэлд хоногшин үлдсэн юм.
5,5 сая хүн амттай манай улсын нэг аймгийн гуравны нэгт ч хүрэхгүй жижигхэн газар нутаг дээр Сингапурчууд баялгийг бүтээж чадсан нь Ли Куан Юүгийн засаглах ухаантай салшгүй холбоотой. Түүнд ганцхан мөрөөдөл байсан. Сингапурыг дэлхийн чинээлэг улсуудын нэг болгох. Кембриджид хуульчийн мэргэжлээр суралцсан тэрбээр “Британичуудын чаддагийг бид бас чадах учиртай“ гэж өөртөө амлалт өгсөн байдаг. Түүний удирдлага дор өнөөгийн Сингапур үйлдвэржсэн, дэлхийн хамгийн найдвартай авиа-компани “Сингапур Эйрлайнс“ байгуулагдсан, Британи хууль эрх зүйн тогтолцоо үйлчилж эхэлсэн, хамгийн орчин үеийн боловсрол, эрүүл мэндийн систем бий болж чадсан. Энэ бүхэн түүний хатуу зангидсан гарын хүчин дор бий болсон.
Сингапурын хөгжлийн хурдыг иргэдийн сэтгэхүй нь гүйцэх хараахан болоогүй байлаа. Өндөр байшин сүндэрлэхийн хэрээр орон сууцандаа „тахиа гахайтайгаа нүүн орж, цахилгаан шатанд морь харах тохиолдол цөөнгүй байсан. Тиймээс бид цахилгаан шатанд морь харвал зогсдог төхөөрөмж суурилуулж байсан. Буруу үйлдэл хийснийхээ төлөө иргэн ямагт шийтгүүлж байх ёстой“ гэж Ли Куан Юү хожим ярилцлагадаа дурдсан байдаг. Иргэдийнхээ сэтгэхүйг хэрхэн өндөр хөгжилтэй орны иргэд шиг болгох түүний захиргаадалтын арга өнөөгийн Сингапурын авторитар дэглэмийн суурь нь ч байж мэдэж юм.
Өнөөдөр Сингапурын хууль тогтоомж маш чанга. Олон нийтийн газар тамхи татвал 1000 доллар, метронд хоол идвэл 500 доллар, тэсрэх дэлбэрэх зүйл авч орвол 5.000 доллар. Гудамжинд шүлсээ хаях, хог тарих тус бүр өндөр торгуультай. Алдартай бохины хоригийг ч бид сайн мэднэ. Зөвхөн эмчилгээний зориулалттай бохийг зөвшөөрдөг. Хар тамхитай орооцолдсон хүн амь насаа ч алдах эрсдэлтэй. Учир нь Сингапур улс цаазаар авах ялыг халаагүй. Хуулиас гадуур үйлдэл хийсэн хүн болгон сөрөг санкцтай нүүр тулж шалдан хонгон дээрээ ороолгох ч шийтгэл бий. Авлигыг нэг минут хором ч тэсэж чаддаггүй. Хэвлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө харин Сингапуурчуудэд байхгүй. Хэвлэл мэдээлэл төрийн хяналтад байдаг. Press Freedom Index-т Сингапур 179 оноос ердөө 149-р байранд бичигдсэн. Энэ нь чинээлэг амьдрал, эдийн засгийн хөгжлийг улс төрийн эрх чөлөөнөөс илүүд үзсэн Ли Куан Юүгийн засаглалын философи байсан юм. Сүүлийн үеийн барууны судлаачдын маргадаг нэгэн гол сэдэв бол энэ. Хөгжиж буй орнуудад нийгэм эдийн засгийн үүднээс ардчилсан дэглэм илүү зохимжтой юу эсвэл авторитар нь илүү юу гэсэн асуулт судлаачдын дунд маргаан дэгдээдэг. Чингэхдээ тэд Сингапурын хөгжлийн түүхэн замналыг дурдахаас гадна Дэнг Сяопинний үеийн Хятад, Августо Пиночетийн дарангуйллын Чилийг нэрлэдэг. Гэтэл Сингапуртай төстэй Венесуэл, Египет бахь байдгаараа байж л байна. Энэ нь магадгүй Сингапурын амжилт нэг удаагийнх ч байж мэдэх баталгаа юм. 1959 оноос хойш өнөөгийн засаг барьж буй “Political Action Party” (PAP) нам бүх сонгуулийг ялсан. Сүүлийн 50 жилийн түүхэнд ердөө 12-хон парламентын гишүүн сөрөг намын гишүүд байсан. 2011 оны парламентын сонгуулиар эрх баригч РАР нам сонгогчдын 60 хувийн санал авсан боловч сонгуулийн мажоритар тогтолцооноос үүдэн 87 суудлаас 81 нь авсан.
Сингапурын хөгжлийн нэгэн нууц бол тэдний газар зүйн байрлал гэдэгтэй хэн ч маргадаггүй. Тэр нь дэлхийн худалдааны нэгэн чухал усан зам болох Малаккагийн хоолой. Дээрх шалтгааны улмаас Британи эр Стемфорд Рафлес 1819 онд анх Сингапурт хөл тавьж өнөөгийн боомтын түүхийг эхлүүлсэн. Өнөөдөр тус боомтоор өдөрт 200 гаруй худалдааны усан онгоц Хятад, Солонгос, Япон цаашлаад Европыг чиглэн тээвэрлэлт хийж байна. Түүнээс гадна Сингапурын “Чанги” дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлын нэг. Зорчигч онгоцноос буугаад тээшээ аваад буудлыг орхих хүртэл ердөө 12-хон минут шаардагддаг.
Үүнээс чухал нэгэн зүйл бол Сингапурын британи уламжлалтай хууль эрх зүйн орчин. Хувь хүний бүтээлч сэтгэхүйг ямагт өдөөж байдаг ийм л таатай хууль эрх зүйн тогтолцоог тэд бүрдүүлж чадсан. Өнөөдөр Сингапурт нэг аж ахуй нэгж байгуулахад ердөө гуравхан цаг зарцуулагддаг байх жишээтэй. Дэлхийн банкнаас гаргадаг Economic freedom Index-т Сингапур Хонг Конгын дараа хоёрдугаарт бичигддэг. Харин монголчууд бид тус индексэд 96-д жагсдаг байна. Германы 1500-аад аж ахуй нэгжүүд өнөөдөр Сингапурт үйл ажиллагаагаа явуулдаг гэж үзвэл сахилга бат, дэг журмын ундраг гэж нэрлэгддэг Сингапур өнөөдөр барууны том компаниудын ази дахь төв нь болсон гэж хэлж болно.
Сингапурт бүх зүйл сайн сайхан гэвэл ташаа ойлголт болно. Барууны хөрөнгө оруулалт өсөн нэмэгдэхийн хэрээр Сингапур дэлхийн хамгийн өртөг өндөртэй хот болсон. Энэ нь дэлхий нийтийн толгойн өвчин болсон баян хоосны ялгааг улам тэлж энгийн иргэдэд дарамт болдог. Барууны улс орнуудыг бодвол Сингапурт цалингийн хэмжээ харьцангуй бага. Арван хүн тутмын нэг нь манайхаар 1,5 сая төгрөгийн цалинтай. Гадаадуудын эсрэг уриа лоозон, үзэл сүүлийн үед Сингапурт газар авах болсон. Энэ нь тэдний дэлхийд нээлттэй, уян хатан бодлого үгүй болох эрсдлийг дагуулж байна. Нэгэн цагт давуу тал хэмээн үнэлэгдэж байсан газар зүйн байрлал одоогийн өнцгөөс сул тал болох болгоомжлол байна. Өөрөөр хэлбэл Сингапур бүс нутагтаа гуравдагч ертөнцөөс өндөр хөгжилтэй орны зүг хөл тавьж чадсан цорын ганц орон. Хөрш Индонезод олон сая иргэн ядуу зүдүү амь зууж байна. Индонезийн ДНБ ердөө 3,500 ам. доллар байдаг бол Сингапурт 55.000 ам. доллар. Тиймээс 707.1 хавтгай дөрвөлжин км газар нутагтай Сингапур ирсэн хүн болгоныг багтаан шингээх боломжгүй юм. Үүнээс гадна нийгэмд хүчтэй хөгшрөлт явагдаж 2000 онд найман иргэн тутамд нэг тэтгэврийн насны иргэн ногдож байсан бол өнөөдөр тав, 2030 онд гэхэд ердөө хоёрхон болж багасах аюул нүүрлэж байгаа юм. „Бид энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх учиртай. Тэгэхгүй аваас бид удахгүй өнөөгийн Япон шиг болох нь“ хэмээн Ли Куан Юүгийн хүү өнөөгийн засгийн газрын тэргүүн ирэх 50 жил Сингапур улс хаана очсон байх ёстой вэ гэсэн төлөвлөгөөндөө дурдаж байсан. Толкотт Парсонсын системийн онол аливаа систем цааш амжилттай оршин тогтнохын тулд дасан зохицох чадвартай байх ёстой гэж үздэг. Сингапурын удирдлага яг үүнийг хийж чадаж байна. Тулгамдаж буй сорилтуудаа эртнээс харан ханцуй шамлан дайрч байна. Цоо шинэ сорилтуудыг магадгүй тэд бэрхшээл биш давуу тал болгон хувиргах чадал, туршлага тэнд бий. Хангалуун чинээлэг амьдралыг гагцхүү хамтын хүчээр бий болгодгийг тэд ойлгосон. Газрын баялаг хөгжих боломж харин үндэс нь биш гэдэг түүхэн сургамжийг тэд бидэнд хариулж чадсан.
Б.Сүхбат
Сэтгэгдэл (3)