Энэ өвлийг цас, зуд ихтэй давна гэж малчид болон хөгшчүүд анхааруулж эхэллээ. Хэзээнээсээ л алдартай хүнд хэцүү бичин жилийн өвөл айсуй ч гэж шуугиж байна. Харин бид энэ хүнд өвлийг хэрхэн давахаар бэлдэж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт Завхан аймагт цасан шуурга болж хүн осгосон хэрэг гарсан. Халуун зунаар цас орж буй нь үнэхээр ч хаширламаар үйл явдал болохын дохио байж мэдэх юм. Энэ зун нийт нутгийн 50 хувь нь гантай байлаа. Хамгийн сүүлийн мэдээллээр, “Нийт 21 аймгаас есөн аймгаас Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өвөрхангай, Ховд, Увс, Сүхбаатар аймгуудад зуншлага хэвийн байна. Харин үлдсэн 12 аймгийн нийт 133 сумын 66 нь гантай, 67 сум нь гандуу байна. Энэ нь 2015-2016 оны зуншлага, намаржилт, өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг харуулж байна” гэж Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар сануулж байсан. Газар тариалан, отрын бүс нутаг гундуу байгаа болохоор бид хэцүүхэн өвөлтэй тулгарах нь хэнд ч ойлгомжтой. Тариаланчид тариа, ногооны болц муу байгаад сэтгэл зовнин ярьж байна. Тийм болохоор хадлан, тариалангаа хангалттай авч чадахгүй байж мэдэх юм. Ямарсайндаа л ургацынхаа 50 хувийг л хурааж авч чадах урьдчилсан тооцоог салбарын яамнаас гаргаж байхав дээ. Гурил үйлдвэрлэхэд 100 мянган тонн улаан буудай дутаж байгаа. Дутсан буудайгаа гадны улсаас нөхөж авахаар болсон гээд өвөл угтсан мэдээ нэг иймэрхүү янзтай эхэлж байна.
Өнгөрсний гашуун сургамжаас иш татвал 1944 оны бичин жилийн зуднаар 9,2 сая мал, 1956 оны зуднаар 2,2 сая, 1968 оны зуднаар 4,4 сая мал хоргодсон гашуун тоо дурайж байна.
Энэ жил дээрх түүх давтагдахгүй гэх аргагүй. Гэтэл төр засгийн зүгээс үүнд анхаарлаа хандуулж, хадлан тэжээлээ базааж, тариа ногоогоо хэрхэн услан ургуулж, өвлийг өнөтэй давах талаар дорвитой хийсэн ажил алга. Тэд зөвхөн албан тушаал, эрх мэдлийн төлөө зодолдсоор. Өвөл зуд болох сургаар зун малчид малаа их хэмжээгээр нядалжээ. Тэд малаа зуданд үхүүлж байхаар хэдэн төгрөг болгое гэж байна. Гэхдээ намар мал их зарсаны гор хавар гардаг гэдэг. Тухайлбал, хавар мах ховордож үнэ нь өсөх магадлалтай. Нөөцийн мах л гэхэд нийслэлийн хэрэгцээг бүрэн хангаж чадахааргүй хэмжээтэй байвал үнэ нь нэмэгдэнэ. Энэ нь эргээд иргэдийн нуруун дахь ачааг нэмж, эдийн засагт ч нөлөөлж мэдэхээр байгаа юм. Махны үнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч улмаар инфляцид нөлөөлдөг. Ингээд л эдийн засгийн хүндэрсэн нэг үзүүлэлтээ яриад сууж мэдэх юм. Тиймээс энэ мэт эрсдлээ урьдчилж харж ажил зохион байгуулахгүй бол болохгүй нь байна шүү.
Байгалийн зудын хажуугаар эдийн засгийн зуд ч болж мэдэхээр байна. Долларын ханш 2000 төгрөгтэй тэнцсэн, гадаадын шууд хөрөнгө оруулалт хасах заасан, нүүрсний экспорт зогсонги байдалд орсон, төсвийн алдагдал нь сар бүр 100 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, их, дээд сургуулийнх нь сургалтын төлбөр гэрлийн хурдаар өссөн, төр нь хувийн хэвшлийнхнээр хийлгэсэн ажлынхаа хөлсийг өгч чадахгүй луу унжих хүртлээ доройтож гундсан байна. Цаашдаа засаглалын хямрал үргэлжилбэл хоолгүй хонох ард иргэдийн тоо л олон болно. Сонгуулийн мөчлөг дөхөж байгаа үед энэ нь сайн үйлдэл дагуулахгүй.
Гэтэл одоо улам дордсоор байна. Сая л гэхэд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаснаас болж Эрдэнэт үйлдвэр түр зогсолт хийхэд хүрлээ. Үүнээс болж төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэр 200 орчим тэрбум төгрөгийн алдагдалд оржээ. Энэ мэт хүндрэлүүд гарсаар. Гэтэл манай зарим намынхан Засгийн газрын сайд нараа огцруулж орны хүмүүсийг нь эргүүлээд томилж ч чадахгүй хэрэлдээд сууж байна.
Намар болж өвлийн бэлтгэл эхэлж байхад Онцгой байдлын газрыг удирдах шадар сайдгүй, эдийн засгийн хүндрэлтэй үед Сангийн сайдгүй бид сууцгааж байна шүү дээ. Албан тушаалаа булаацалдаж байх хооронд эдийн засаг улам хүндэрч, их зуд ойртсоор.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (6)