Хяналт нь хувийн хөрөнгө оруулагчдад очиж буй Оросын нисэх онгоцны “Шереметьево” буудал дахь төрийн өмчийн оролцоо 30 хувиас хэтрэхгүй аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ийм шийдвэр гаргасан байна.
Хувийн хөрөнгө оруулагчид нь “TPS Avia’’-гийн Аркадий Ротенберг, Александр Пономаренко, Александр Скоробогатько нар гэнэ. “Хувьцааны хяналтын багцын ихэнхийг TPS авна гэж бодож байна” гэж 2014 оны аравдугаар сард сэтгүүлчтэй ярилцахдаа Ротенберг хэлж байжээ.
Улсын болон хувийн хөрөнгө оруулалттай Москвагийн “Шереметьево”, “Внуково” буудлыг нэгтгэх ажилд бэлтгээд удаж буй ч Ерөнхийлөгчийн шийдвэр гаралгүй уджээ. Ийн сунжирсан нь сонирхсон байгууллагуудын, түүний дотор тусгай албадын зөвшөөрөл авах шаардлага байснаас үүдсэн бололтой.
“Внуково”-гийн талаарх зар- лигт энэ сарын 2-нд гарын үсэг зур- жээ. “Шереметьево” нь талбайн хэмжээгээр улсдаа томд орох бөгөөд жилд 35 сая зорчигч дамжуулан өнгөрөөх хүчин чадалтай, зорчигчийн зургаан хэсэгтэй юм. “ТПС Авиа” компани тус нисэх бууддын умард хэсэгт 2013 оноос хөрөнгө оруулсан аж. Хөрөнгө оруулалтын төслөөр бол 15 сая зорчигчид үйлчлэх шинэ хэсэг, хэсгүүдийг холбосон газар доогуурх хоолой нэмж барих юм. Энэ хоолой тус бууддын умард, өмнөд талыг холбоно.
Бизнесмен Аркадий Ротенберг Украинтай холбоотойгоор 2014 оны долдугаар сард Европын холбооны хоригт нэр нь орж байсныг манай уншигчид санаж байж магадгүй. Тэгэхэд Европын холбооны зөвлөл түүнийг Оросын Ерөнхийлөгчийн “эртний танил”, “Путиний үед л хөрөнгөжсөн”, “Сочид болсон Олимпийн тоглолтод бэлтгэж байхад өөр- төө хамгийн ашигтай гэрээг хийж чадсан” гэх мэтээр мэдээлж байсан юм. “Forbes” түүний хөрөнгийг 1.3 тэрбум доллар гэж үнэлдэг.