Нийслэлд цэцэрлэг, сургуулийн асуудал хүндхэн байна гэдгийг хэлд орж буй хүүхэд, хэнэггүй балчир залуус ч дуу нэгтэй хэлж орхино биз.
Наймдугаар сар гармагц нойргүй эцэг эхчүүдийн тоо өсч, бөөн будлиан, бухимдлууд үүсч эхэлдэг нь жам ёсны зүйл гэлтэй бүр тогтчихож.
Хүүхдээ анх удаа цэцэрлэгт явуулах гэж байгаа, шилжилт хөдөлгөөн хийсэн эцэг эхчүүдэд энэ байдал бүр ч илүүгээр хүнд тусдаг гэхэд хэлсдэхгүй.
Жам юм шиг цэцэрлэгийн гадна хонон, өнжин дугаарлаж бяцхан хүүхдүүдээ үе тэнгийнхэнтэй нь мөр зэрэгцүүлэн алхуулах гэсэн эцэг, эхчүүдийн чин эрмэлзэл.
Нөгөөтэйгүүр хүүхэд харах хүнгүй, өглөө нарнаас үдшийн бүрий болтол ажиллаж хөдөлмөрлөдөг ээж, аавуудын туйлын зорилго бол хүүхдээ цэцэрлэгт өгөх явдал.
Цэцэрлэг, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн асуудал бол улам даамжрах бэрхшээлтэй зүйл. Бага дээр нь, эрхтэн шиг энэ асуудалд анхаарал хандуулж, шийдвэрлэх чухал алхамууд хийх эрх бүхий хүн, албан тушаалтнууд өнөөдөр даанч алга. Тиймдээ ч өнөөдөр ээж, аавынхаа өврөөс дөнгөж гарсан бяцхан хүүхдүүд чөлөөтэй амьсгалах ч боломжгүй анги танхимд хүмүүжиж, хэн азтай нь сугалаанд “цохогдон” цэцэрлэгт хамрагдаж сууна.
Одоо нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх цэцэрлэгийн гадна эцэг, эхчүүд хонон өнжиж, ээлж дараагаар оочироо сахиж байгаа үе. Тэд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж нялх хүүхдээ дагуулан, гар чийдэн барин цэцэрлэгийн гадна хонож байна.
Тиймээс манай сурвалжлах баг Чингэлтэй дүүргийн зургадугаар хороонд байрлах 108 цэцэрлэгийн гадна дөрөв хонож буй эцэг, эхчүүдтэй уулзаж ярилцлаа.
Зургаадугаар хорооны иргэн Ж.Үүрцайх: 250 хүүхдийн багтаажтай цэцэрлэгийн барилгыг хувьчилснаар 20 мянган оршин суугчийн эрх ашиг хөндөгдөж байна
Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны хувьд 10 мянган оршин суугчтай. Хууль дүрмэндээ 1000 оршин суугч тутамд нэг цэцэрлэгт байгуулна гэж заасан байдаг. Гэтэл 10 мянган хүн тутамд нэг ч цэцэрлэг байхгүй байна. Харин зургаадугаар хорооны мөн энэ тооны иргэд “108” гэсэн ганцхан цэцэрлэгт хүүхдээ өгөх боломжтой. Ингэснээр зургаа, тавдугаар хорооны 20 мянга орчим оршин суугч дундаа ганц цэцэрлэгтээ болж таарч байна. Өөрөөр хэлбэл, зургаадугаар хорооны харьяалалтай 108 дугаар улсын цэцэрлэгт 5-р хорооны иргэдийн зарим хүүхдүүд хамрагддаг. Ийн хоёр хорооны энэ олон хүүхдүүд дундаа нэг л цэцэрлэгтээ байхаар ямар асуудал үүсэх нь ойлгомжтой.
108 дугаар цэцэрцэг энэ жил 60 хүүхэд авна гэж байгаа. Гэтэл өдгөө 110 хүүхэд бүртгүүлчихсэн байдаг. Эцэг эхчүүд бүгд айдастай, маш хүнд байна.
Тавдугаар хорооны хувьд улсын цэцэрлэгтэй байх бүрэн боломжтой байсан. Учир нь Хөдөлмөрийн дээд сургуулийн газар өмнө нь улсын тодотголтой 250 гаруй хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн зориулалттай баригдсан барилга байсан. Гэвч хувьчлагдаж дээд сургууль болсон. Тиймээс эцэг, эхчүүд бид зориулалт нь цэцэрлэгээр баригдсан тус барилгын асуудлыг хөндөж явахаар шийдээд байна. Хөдөлмөрийн дээд сургуулийн хувьд Чингэлтэй дүүрэгтээ бүү хэл улсдаа хамгийн сайнд орох барилга байгууламжтай цэцэрлэгийн байр байсан. Тиймээс энэ мэтийн зөрчил, дутагдлын эсрэг эцэг эхчүүд тууштай тэмцэх болно. Бид тэмцлээ эхлүүлж нэгдэж байгаа бөгөөд өмгөөлөгч Г.Батбаяраас туслалцаа үзүүлэхийг хүссэн. Бидний хүсэлтийг хүлээж авч хуулийн зөвлөгөө өгч, хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах энэ ажилд оролцоно гэдгээ Г.Батбаяр өмгөөлөгчийн зүгээс хэлсэн. Тавдугаар хороонд дор хаяж нэг цэцэрлэгтээ болсон цагт л бидний санаа амрах болно. Тавдугаар хороонд улсын тодотголтой сургууль ч байдаггүй.
Тавдугаар хорооны иргэн Г.Энхтүвшин: Нэг ч цэцэрлэггүйгээс олон мянган хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна
Цэцэрлэгийн асуудлыг хөндөхөд газар яригдах нь дамжиггүй гэж бодож байна. Цэцэрлэг барих газрыг шийдэж өгөөгүйн улмаас өнөөдөр хоёр хорооны олон мянган оршин суугчийн хүүхэд хүндхэн байдалтай байна. Тиймээс Чингэлтэй дүүргийн тав, зургадугаар хорооны иргэд санал нэгдэж, цэцэрлэг барих боломжтой газруудыг судалж эрх бүхий хүмүүст хүсэлт гаргаж улсын цэцэрлэг бариулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн.
Нэг ч улсын цэцэрлэггүй тавдугаар хороо цэцэрлэгтэй болчихвол зургаадугаар хорооны хүүхдүүдийн хүмүүжих орчин хүртэл сайжрах юм.
Дээр хэлсэнчлэн цэцэрлэгийн зориулалттай барилгыг хувьчилж, дээд сургууль болгосон хүн бол 5 дугаар хорооны Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Содномдорж гэж хүн. Өмнө нь хөдөлмөрийн чиглэлээр багшилж байсан гэж сонссон. Энэ хүн тухайн цэцэрлэгийн зориулалттай барилгыг хувьчилж авсан. Тиймээс эцэг эхчүүд бид Содномдорж гэх хүнийг чухам ямар учраас албан тушаалаа урвуулан ашиглаж, цэцэрлэгийн байрыг хувьчилж авсан гэдэг асуудалд анхаарал хандуулах болно. Үүнээс болж олон хүүхдийн эрх ашиг хөндөгдөж, хохирч байна. Хорооны удирдлагууд ч ганц хүний эрх ашгийг хамгаалж болохгүй. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ганболд, тавдугаар хорооны засаг дарга Амарбаясгалан нарт бид хүсэлт гаргаж, цэцэрлэгийн асуудлаар ярилцлахыг хүсч байна. Уг нь дарга, эрх бүхий албан тушаалтнууд нь цэцэрлэгийн асуудалд анхаарлаа хандуулаад чиглүүлээд өгвөл дэмжих эцэг, эх тэр бүү хэл барилгын асуудал дээр нь туслах ээж, аавууд ч байна.
Дашрамд хэлэхэд, Чингэлтэй дүүргийн 5, 6 дугаар хорооны оршин суугчдад зориулж 108 дугаар цэцэрлэгийн удирдлагуудын зүгээс хувилбарт сургалт гэж зүйлийг хүртэл санаачилжээ. Үнэхээр аргаа барсан нь энэ бүхнээс харагдаж байгаа юм. Учир нь энэ жил бэлтгэл ангийн бүлэгт олон тооны хүүхэд нэмж авах боломжгүй учир хувилбарт сургалтад хамруулж өдрийн хоёр цагаар хичээллүүлж байлгахаар болжээ. Өөрөөр хэлбэл, 5 настангууд энэ жил өглөөнөөс орой болтол цэцэрлэгт хүмүүжих биш сургуулийн өмнөх боловсролыг авахын тулд 2 цаг хичээллээд тардаг болох юм. Энэ мэт олон ярвигтай асуудлууд тус цэцэрлэгийн эргэн тойронд хөвөрч байна.
Ингээд Цэцэрлэгийн эрхлэгч П.Навчаатай уулзаж зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр “Манай 108 дугаар цэцэрлэг 1986 онд үйл ажиллагаагаа эхэлсэн. 140 хүүхдийн хүчинтэй чадалтай. Зургаан бүлэгтэй. Өнгөрсөн 2014-2015 оны хичээлийн жилд 320 хүүхэд элсүүлж, хүчин чадлаасаа хэт давсан ачаалалтай ажилласан. Энэ нь Чингэлтэй дүүргийн 5-р хороонд нэг ч улсын цэцэрлэг байдаггүйтэй холбоотой. Бид хамран сургах тойргийн системээр ажиллаж, 5-р хорооны хэд хэдэн байрны цэцэрлэгийн насны хүүхдийг хамруулах үүрэгтэй. Тухайлбал, тус хорооны 13 байрыг манай цэцэрлэгт хуваарилсан. Энэ байдлаас болж цэцэрлэг маш ачаалалтай байдаг.
Энэ хичээлийн жилд өмнөх жилээс бүр их хүүхэд нэмэгдсэн байна. Энэ нь орон сууц нэмэгдэж, барилга байгууламж ихэсч байгаатай холбоотой байх. Цаашид ч орон сууц, барилга байгууламж нэмэгдэхийн хэрээр цэцэрлэгийн асуудал хурц хэлбэрт шилжих нь ойлгомжтой. Манай цэцэрлэгийн хувьд л гэхэд нэг анги 40 хүүхэдтэй байх ёстой байтал 49-53 болчихсон явж байна. 6-р хороонд л гэхэд цэцэрлэгийн насны 800 хүүхэд байна. Гэтэл өнөөдөр орж чадаагүй хүүхэд өчнөөн байгаа. Уг нь манай цэцэрлэгийг өргөтгөх боломжтой. Газар, талбай нь байна. Гэтэл энэ бүхэн шийдэгдэж өгөхгүй явсаар өдийг хүрлээ” гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)