Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Сайдын цаг” уулзалтад оролцож цаг, үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Хүүхдүүдийн 84.8 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадна
Тэрбээр мэдээлэлдээ “Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 250 мянга орчим хүүхэд байна. Үүнээс 218 мянга 100 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана гэсэн тооцоо гаргасан. Энэ бол цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 84.8 хувь юм. Хоёр жилийн өмнө 220 мянган хүүхэд байсан бол энэ жил 250 мянга болж өссөн. Цэцэрлэг, сургуулийн барилга барих хугацаа нь хүүхэд төрөх, сургуульд элсэх хурдаас удаан байна гэсэн статистик бий. Төрөлт бол буурахгүй. Жилд 80 мянган хүүхэд төрдөг байсан бол цаашдаа 100 мянга давах төлөвтэй байна. Тиймээс энэ хичээлийн жилээс хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх болж, 2015 оны төсвийн тодотголд тодорхой хэмжээний санхүүжилт суулгахаар ажиллаж байна. Ингэж чадвал цэцэрлэгт орж чадалгүй үлдсэн хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломж бүрдэх юм. Он гараад 2016 оны төсөвт мөн хүүхэд харах үйлчилгээнд зарцуулах хөрөнгийг суулгана. Ингэснээр цэцэрлэгийн насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломж бүрдэх юм. 2015-2016 оны хичээлийн жилд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх цэцэрлэгт “Сургуулийн өмнөх боловролын цөм хөтөлбөр” нэвтрүүлж байгаа. Өнгөрсөн жил 21 амйаг, 9 дүүрэгт “Цөм” хөтөлбөр хэрэгжүүлж, туршсан. Үүнтэй холбоотойгоор 7000 багшид “Цөм” хөтөлбөрийн талаар сургалт явуулсан. Энэ хөтөлбөр нь хүүхдийн сонирхолд тулгуурлан хөгжүүлэх юм. Ингэснээр хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх, бие даах чадвараа хөгжүүлэх боломж бүрдэх юм” гэлээ.
Удахгүй 100 мянган хүүхэд нэгдүгээр ангид хүлээж авах байх
Л.Гантөмөр сайд үргэлжлүүлэн бага боловсролын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2015-2016 оны хичээлийн жилд Үндэсний хэмжээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх “Бага боловсролын цөм хөтөлбөр” хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөрийг өнгөрсөн онд хэд хэдэн сургуульд туршиж, бүрэн шинэчилсэн. Энэ жилээс эхлэн улсын хэмжээнд хэрэгжүүлэх болно. 20 мянга гаруй багшид энэхүү хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт явуулсан. БСШУЯ сургалтын хөтөлбөр бүрийг хүүхдүүдэд бүтээлчээр сурах арга барил эзэмшүүлэхэд чиглүүлж байгаа. Суралцах арга барил гэдэг нь бусадтай харилцах, сэтгэн бодох, бие дааж суралцах, бие дааж амьдрах ухаанд сургахыг хэлнэ. Шинжлэх ухаан бол танин мэдэхүйгээс эхэлнэ. Тиймээс хүүхэд аливаа зүйлийг танин мэдэхдээ заавал эцэг эх, багшаар заалгахгүйгээр өөрөө турших, үр дүнг нь баталгаажуулдаг болох хэрэгтэй. Тэгээд үүнийгээ онолын мэдлэгтэйгээ уялдуулах хэрэгтэй. Мөн сургуулиудын менежментэд өөрчлөлт орно. Тухайлбал, олон ангитай цөөн элсэгчтэй сургууль хүүхдүүдээ хөгжүүлэхийн тулд сул байгаа танхимуудаа хэрхэн ашиглах вэ гэдгээ тодорхойлно. Хэт олон хүүхэдтэй, цөөн ангитай сургуулиуд номын сан, музейг ашиглах болно. Үүнтэй холбогдуулан бид номын сан, үзвэрийн газруудыг ерөнхий боловсролын сургалтад ашиглахаар төлөвлөж байна. Байгаль шинжлэлийн ухааны зарим хичээлийг Байгалийн түүхийн музейд, Түүхийн музейд Түүх, нийгмийн ухааны хичээл заадаг цаг гаргахаар ажиллаж байна. Энэ мэтчилэн сургууль бүрийн онцлогоос хамааран сургалтын менежментээ өөрчлөх ажил гарч байгаа юм. Энэ жил 64364 нэгдүгээр ангид элсэгчдийг хүлээж авч байгаа. Уг тоо нь урьд жилийнхээс өссөн үзүүлэлт. 2-3 жилийн дараа нэгдүгээрт ангидаа 100 мянган хүүхэд хүлээж авах магадлалтай. Тэр үед шаардлагатай сургууль, цэцэрлэгийг барих ажлыг эртхэн бэлтгэхгүй бол ачаалал жилээс жилд нэмэгдэхээр байна” гэв.
Тэрбээр мөн “Одоо хүүхдийг сургах арга, барил өөрчлөгдсөн. Тиймээс хүүхдийг сургуульд сургахад эцэг, эхчүүдийн нийгмийн оролцоо маш их хэрэгтэй байна” гэлээ.
Сахарын найрлагатай бүтээгдэхүүнийг сургуульд заруулахгүй
Хүүхдүүдэд өгдөг хүнсний бүтээгдэхүүнд анхаарал тавьж ажиллана гэж Л.Гантөмөр сайд мэдэгдлээ. Ялангуа сургуулийн ойр орчимд сахарын найрлагатай бүтээгдэхүүн зарахыг хориглож байгаа аж. Уг шийдвэрийг сургуулиад мөрдөөд явах ёстой гэж салбарын сайд санууллаа. Энэ жил нийт 35700 ажиллах аж. Мэргэжлийн болон мэргэшсэн багш нарыг ажиллуулах тал дээр онцгой анхаарч ажиллана гэж тэрбээр хэллээ.
Сурах бичгийн үнэ буурсан
Энэ жил “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрөс эхлээд хүүхдүүдийн авъяасыг нээх хөтөлбөрүүд үргэлжлэн хэрэгжээд явах аж. Номын хүртээмжийн хувьд энэ жил 74450 ширхэг номыг номын санд хүргэжээ. Сурах бичгийн үнэ хямдраад 2600 төгрөгийн дундаж үнэтэйгээр худалдаалагдаж байгаа гэж Л.Гантөмөр сайд мэдэгдлээ.
Багш нар зөөврийн компьютертэй болно
Багш нарыг компьютержүүлэх ажил 10 дугаар сараас эхлэх юм байна. Энэ ажлын хүрээнд 25000 багш зөөврийн компьютертэй болох гэнэ. Харин 11340 суурин компьютерийг сургуулиудад суурилуулах аж. Энэ жил 144 цахим лаборатори ашиглалтад орсон. Эдгээр лабораторийг энэ хичээлийн жилд бүрэн ашиглана. Мөн сурагчдад видео хичээлийг оруулахаар бэлтгэж байгаа гэж Л.Гантөмөр сайд хэллээ.
Нэгээс бусад курсийн төлбөрийг 10 хувиас дээш нэмээгүй
Энэ жил 99 их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж, 169000 оюутан суралцах аж. Энэ нь сургууль болон суралцагчдын тоо цөөрсөн үзүүлэлт гэнэ. Дээд боловсролыг чанартай болгох тал дээр яамнаас анхаарч байгаа бөгөөд хичээлийн хөтөлбөрөө сайжруулж байгаа аж. Мөн “Мянган инженер” хөтөлбөр цаашид ч үргэлжилнэ гэж Л.Гантөмөр сайд хэллээ. Японтой хамтран уг үйл ажиллагааг амжилттай явуулж байгаа аж. Мөн хэд, хэдэн инновацийн төвийг мөн ажиллуулах юм байна. Суурь судалгааны ажлыг оюутнууд болон багш нараараа сайн хийлгүүлэх цаг нь болсон гэж тэрбээр мөн хэлэв. Сургалтын төлбөрийн тухайд нэгээс бусад курсын сургалтын төлбөрийг 10 хувиас дээш нэмээгүй гэдгийг тэрбээр дуулгалаа. ЭЕШ-д 650 дээш оноо авсан Шинжлэх ухаан технологийн чиглэлээр суралцах гэж буй хүүхдүүдэд сургалтын төлбөрийн 30 хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэж Л.Гантөмөр сайд мэдэгдлээ. Мөн төрийн сангийн тэтгэлгээс гадна суралцах шаардлагатай онцгой шалтгаантай хүүхдүүдэд өгдөг сургуулийн нэрэмжит тэтгэлэг байдаг гэлээ.
25 сургууль 47 цэцэрлэг ашиглалтад орно
Улсын төсвөөр болон орон нутгийн хөрөнгөөр 251 боловсролын байгууллагын барилгыг барьж байгаа гэж Л.Гантөмөр сайд энэ үеэр мэдэгдлээ. Зөвхөн улсын төсөв гэлтгүйгээр гадны улсуудын буцалтгүй тусламжаар сургууль, цэцэрлэг барих ажил ч мөн явагдаж байгаа аж. Энэ жилийн хувьд 25 сургууль 47 цэцэрлэг 6 дотуур байр, 5 спорт заал ашиглалтад орж байгаа гэв.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)