Эх орноосоо урвасан гэх Д.Чинбаярыг өнөөдөр шүүнэ. Д.Чинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79.1-т зааснаар буруутган шүүж байгаа юм. Уг зүйл ангид, Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Шүүх хурал өнөөдөр 13:30 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Б зааланд болох товтой ч холбогдох албаныхнаас шүүх хурлын талаар тодруулахад дорвитой хариулт хэлсэнгүй.
Хуралд шүүгчээр Г.Буяннэмэх, Ч.Отгонбаяр, Б.Халиун, улсын яллагчаар Б.Батжаргал, өмгөөлөгчөөр Б.Энхдалай нар оролцохоор болжээ. Хурал улсын нууцтай хамааралтай хэрэг учраас хаалттай хэлэлцэгдэнэ
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)