Дорноговь аймгийн Өргөн сумын гуравдугаар багийн нутаг Хэрээ чулуу хэмээх газарт нутагладаг малчин Р.Батчулууны хотонд энэ оны 8 дугаар сарын 18-нд тодорхойгүй шалтгаанаар хонь өвчилжээ.
Өвчилсөн хонинд тус сумын мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг “Алтан зуулт” ХХК-ийн малын их эмч М.Түмэнбаяр үзлэг хийж 3 хониноос дээж авч холбогдох журмын дагуу аймаг болон Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид явуулахад шинжилгээний хариугаар малын гоц халдварт цэцэг өвчин болохыг тогтоожээ. Тиймээс аймгийн Засаг даргын 8 дугаар сарын 24-ний А\364 дүгээр захирамжаар Өргөн, Улаанбадрах сум болон дээрх сумтай хил залгаа Дэлгэрэх, Эрдэнэ, Сайншанд сумыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, өвчлөл гарсан бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоож, малын гоц халдварт цэцэг өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ сарын 26-ны байдлаар Өргөн сумын 3 дугаар багийн нутагт өвчлөл гарсан бүс нутгийн заагийг тодорхойлж, хорио цээрийн дэглэм тогтоон байнгын хяналтын хоёр цэг, нийт 7 хүн, нэг автомашин, хоёр мотоцикльтой, үзлэг тандалтын хоёр бүлэг, гурван хүн, нэг авто машинтай, устгалын бүлэгт 5 хүн нэг автомашинтай нийт 17 хүн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Голомтын бүсэд малын нэг их эмч ажиллаж байна.