“Төрийн орон сууцны корпораци”-ийн захиалгаар “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци”-ийн гүйцэтгэж буй 6500 айлын “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн захиалга эхлэх гэж байна. Захиалгын товыг өнөөдөр гаргах аж.
Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах 28 га газарт баригдаж байгаа “Буянт-Ухаа 2” хороолол нь нийт 6500 айлын цогцолбор хороолол юм. Төслийн 1-р ээлжийн 2592 айлын 9 давхар 48 ширхэг орон сууцны барилга, 240 хүүхдийн цэцэрлэг, 409 машины 7 давхар нэгдсэн автограж, 6 ширхэг 5 давхар үйлчилгээний төв, инженерийн дэд бүтцийн ажлуудыг 2014 оны 6-р сард эхлүүлсэн. Төслийн гүйцэтгэл 62.3 хувьтай /2015.08.18/ үргэлжилж байна.
"Буянт-Ухаа 2" хорооллын 48 барилгаас 43 барилгын үндсэн бүтээцийн ажил дууссан бөгөөд эхний ээлжинд ашиглалтад орох 30 барилгын нийт ажлын явц 74.6 хувь, дараагийн ээлжинд ашиглалтад өгөх 18 барилгын ажлын явц 44.9 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэдгийг албаныхан онцолжээ.
Д.Дуулим