Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстан улсын нийслэл Астана хотноо эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Тэмцээнийг дөрвөн өдрийн дараах байдлаар Японы баг тамирчид тэргүүлж байгаа бол манай баг гурван хүрэл медаль, гурван тавдугаар байр, нэг долдугаар байрт орсон амжилтаар 137 орноос есдүгээр байрт бичигдээд байна. Өчигдөр тэмцээний дөрөв дэх өдөр манай гурван тамирчин татамид гарсан бол тэднээс эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан Ц.Мөнхзаяа хүрэл медаль хүртлээ.
Харин өнөөдөр хүнд жингийн барилдаанууд эхэлж байгаа бөгөөд манай хоёр бөх дэвжээнд гарна. Эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд П.Лхамдэгд, эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.Отгонбаатар нар хүч үзнэ. Л.Отгонбаатар эхний барилдаанаа Шведийн Н.Маркустай хийнэ. Түүний жинд нийт 62 бөх барилдахаас тэрээр “С” хэсэгт багтжээ. Харин П.Лхамдэгд “А” хэсэгт орсон бөгөөд Польшийн П.Дариятай учраа таарчээ.
Харин маргааш бидний гол найдвар олимпийн аварга Н.Түвшинбаяр -100 кг-ын жинд барилдана. Харин эмэгтэйчүүдээс +78 кг-ын жинд О.Жавзмаа барилдана.