2014 оны 7 дугаар сараас “Буянт-Ухаа 2” хорооллын 48 барилгын ажлыг эхлүүлсэн. Эхний 30 барилгыг ашиглалтад оруулахтай холбогдуулан ирэх сарын 7-ноос борлуулалтын ажлыг эхлэхээр болоод буй. “Буянт-Ухаа 1” хорооллын борлуулалтын журмыг дахин боловсруулж зорилтот дөрвөн бүлгээс гадна жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа бизнес эрхэлдэг иргэдийг хамруулах аж.
ТОСК-ийн Маркетинг борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од ярихдаа, “Буянт-Ухаа 1" хороолол олон айлын шийдэлтэй байсан. Харин хоёрдугаар ээлжинд ашиглалтад орж буй хороололд нэг өрөө байр байхгүй, нэг давхарт хоёр, гурван өрөө бүхий зургаан айлын орон сууц байхаар төлөвлөж барьсан. Орон сууцны баталгааны талаар 5 газартай хэлэлцээр хийж байна. Одоохондоо баталгаа гараагүй учир журмаа үүнтэй уялдуулахаар урьдчилгаа 10 хувийн төлбөр авч байрны захиалга авна. Улсын комисс хүлээн авахаас өмнө журам батлагдвал шалгуур хангасан хүмүүс 20 хувийн баталгаа авснаар үлдэгдэл зээлийн асуудлыг шийдвэрлэх юм. Харин баталгааны шаардлага хангаагүй иргэд улсын комисс хүлээж авсны дараа 20 хувийн урьдчилгаа төлөөд үлдэгдэл 70 хувийг зээлээр авах боломжтой” гэв.
“Буянт-Ухаа 1” хороололд өнгөрсөн жил бүртгүүлсэн ч сугалаагаар эрх хожоогүй 4,595 хүн байгаа аж. Эдгээр иргэн дахин бүртгүүлэлгүйгээр зээлийн шаардлага хангасан бол эхний ээлжинд орон сууцтай болох боломжтой юм байна. Тодруулбал 820 орон сууцыг өнгөрсөн жил бүртгүүлж сугалаагаар сонгогдоогүй иргэдэд олгох бол 20 хувийг нь төрийн байгууллагуудад квот хэлбэрээр, үлдсэн 30 хувийг нь “Буянт-Ухаа 1”-ийн захиалгаас хоцорсон, хувийн байгууллагад ажилладаг, 35-аас дээш наснынханд олгох аж.
“Буянт-Ухаа 2” хороололд захиалга өгөх иргэн Улаанбаатар хотын харьяат байхаас гадна урьдчилгаа 10 хувийг төлөх боломжтой, Засгийн газрын хөнгөлөлтийн 20 хувь болон ипотекийн 8 хувийн зээлд хамрах шалгуурыг хангасан байх шаардлагатай аж. “Буянт-Ухаа 2” хорооллын байрны нэг метр квадрат нь 1сая 350 мянган төгрөг юм байна.