Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэд, хэдэн хүнд арга хэмжээ авах үүргийг холбогдох албаныханд өгчээ.
Тодруулбал, Засгийн газрын нэрийг барьж 160 ам.долларын үнэ бүхий “Аccess” сурталчилгааны сэтгүүлийг гадны жуулчдад шахах ажилд гар бие оролцсон Зам, тээврийн яамны холбогдох албаны хүмүүст арга хэмжээ авахыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэд үүрэгдсэн байна.
Энэ дагуу Зам, тээврийн яамны хоёр ч газрын дарга үүрэгт ажлаасаа халагджээ. Тус хоёр албан тушаалтан нь сурталчилгааны сэтгүүл зарж борлуулах зөвшөөрлийг “Хүннү лорд” компанид олгосон байна. Тэдний зөвшөөрлийн дагуу “Хүннү лорд” компани нь “Ассess” сэтгүүлийг Монголд байхгүй үнээр жуулчдад шахаж “Авахгүй бол Монгол руу нэвтрүүлэхгүй” хэмээн дарамталж байжээ. Өөрөөр хэлбэл олон улсын нислэгээр ирсэн гадны зочдыг 160 ам.долларын “ACCESS” сэтгүүлийг худалдаж авсан тохиолдолд Монгол руу оруулж байсан гэсэн үг.
Мөн уг асуудлыг хянаагүй, ажлын хариуцлага алдсан учраас Гаалийн хяналтын бүсийн дарга н.Дулаанжаргалд хүртэл хариуцлага тооцохыг Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Цэнгэлд үүрэг болгосон байна. Мөн Нисэх буудлын даргад хариуцлага тооцож байгаа аж. Эх сурвалжийн хэлж байгаагаар түүнийг ажлаас нь халж магадгүй байгаа аж.
Мөн дэд сайдаа үдэх тансаг үдэшлэг зохион байгуулж, эцэст нь зодоон нүдээн хийж төгсгөсөн гэх Уул, уурхайн яамны зарим мэргэжилтнүүдэд арга хэмжээ авчээ. Тус яамныхан саяхан халагдсан дэд сайд болох Г.Тэмүүлэнгээ үдэж өгөх нэрээр хүлээн авалт зохион байгуулж шоудсан байна. Энэ үеэр архи хэтрүүлэн хэрэглэж улмаар танхайран зодоон үүсгэсэн нь Ерөнхий сайдын чихэнд хүрчээ. Төрийн албан хаагчийн ёс зүйг уландаа гишгэн зодоон, цохион үүсгэж цаашлаад улсын төсвийн мөнгөөр хүлээн авалт зохион байгуулсан шалтгаанаар тус яамны зарим албан тушаалтнууд ажлаасаа халагдаж байна.
Ямартай ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь төрийн ажлыг гуйвуулж, өндөр үнээр сэтгүүл борлуулах ажилд гар бие оролцон эх орныхоо нэрийг ч бодолгүй гадны жуулчдаас хууль бусаар мөнгө сааж байсан бүх хүнд хариуцлага тооцож арга хэмжээ авч чадлаа.
Гэтэл хэдхэн цагийн өмнө Зам Тээврийн яамнаас хэвлэлийн бага хурал зарлаж уг хуралд ЗТЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Мөнхнасан, Стратеги, бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга С.Адъяасүрэн нар оролцож “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захирал М.Даваажавыг худал мэдээлэл өгсөн хэмээн мэдэгдэж байсан юм.
Т.Хулан
Сэтгэгдэл (51)