Сүүлийн өдрүүдэд Зам тээврийн яамтай холбоотой таагүй мэдээлэл гарах болсон. Тодруулбал, Олон улсын нислэгээр ирсэн гадаадын зорчигчдод 160 ам.долларын үнэтэй сурталчилгааны сэтгүүлийг авахыг шаардсан Засгийн газрын лого бүхий танилцуулгыг Хилийн хяналтын бүсэд тараасан хэрэг илэрсэн. Тиймээс уг зөвшөөрлийг Зам тээврийн яамнаас өгсөн гэдэг мэдээлэл олон нийтэд тархсан юм.
Өчигдөр хуралдсан хурлын үеэр ЧХОУНОБ-ын дарга М.Даваажав Ерөнхий сайдад “Тухайн сурталчилгааны сэтгүүлийг өндөр үнээр зарж борлуулж байсан “Хүннү Лорд” хэмээх хувийн компанид үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Зам тээврийн яамны холбогдох албан тушаалтнууд Чингис хаан нисэх буудлын даргад бичгээр ирүүлсэн” гэж мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр Зам тээврий яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан болон Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга С.Адъяасүрэн нар дээрх мэдээлэл худал болохыг баримттайгаар дэлгэн тавьсан юм.
Тус яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Мөнхнасан“Чингис хаан олон улсын нисэх буудлын хяналтын бүсэд худалдаа эрхлэх зөвшөөрөл олгох асуудал Зам тээврийн яаманд хамааралгүй. Зам тээврийн яам Иргэний нисэхийн дотоод үйл ажиллагаанд хяналт тавьж, ямар нэгэн заавар чиглэл, зөвшөөрөл олгодог байгууллага биш. Зөвхөн бодлогын хүрээнд ажилладаг. Гуравдугаар сарын 30-ны өдөр “Хүннү Лорд” компаниас Зам тээврийн сайдад хандан хилийн хяналтын бүсэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн албан бичиг ирсэн. Энэ албан бичгийн хариуг дөрөвдүгээр сарын 8-ны өдөр өгч, ЗТЯ энэ асуудалд зохицуулалт хийхгүй гэдгийг мэдэгдсэн. Дөрөвдүгээр сарын 8-ны хариу албан бичгийн хуулбарыг “Чингис хаан” ОУНБ-ын захиргаанд мөн илгээсэн. Өөрөөр хэлбэл, зөвхөн мэдээллийн чанартай албан бичиг байсан. Гэтэл энэ үйл явдлыг зориуд мушгин гуйвуулж, үндэслэлгүй мэдээлэл түгээсэн” гэв. Тиймээс уг асуудалд Зам тээврийн яам болон тус яамны албан тушаалтнууд ямар нэгэн байдлаар оролцоогүй юм байна.
Энэ бол маш ноцтой асуудал юм. Тиймээс дээрх буруутай үйл ажиллагааны эзнийг олж асуудлыг түргэн хугацаанд шийдэх нь чухал болоод байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (6)