Замын цагдаагийн ажилтныг зодож, биед нь гэмтэл учруулсан Улсын харцага Г.Намсрайжавыг маргааш 14.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд шүүнэ.
Замын цагдаагийн ажилтныг зодож, биед нь гэмтэл учруулсан Улсын харцага Г.Намсрайжавыг маргааш 14.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд шүүнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн 230.2-т зааснаар төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутган, шүүхээр болсон юм. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын баруун урд уулзварын орчим албан үүргээ гүйцэтгэж, шаардлага тавьсан замын цагдаагийн ажилтныг зодож гэмтээсэн. Тухайн үед Г.Намсрайжавын хүү Замын хөдөлгөөны дүрэм зөрчиж, нэг чигийн урсгалтай зам дээр буцаж эргэхийг завдахад нь замын цагдаа дүрэм зөрчихгүй чигээрээ явахыг сануулж, бичиг баримтаа шалгуулах шаардлага тавьжээ. Гэтэл Г.Намсрайжав тус цагдаагийн биед халдаж, зодож танхайрсан нь Замын хөдөлгөөнийг хянах камерт бичигдэн үлдсэн билээ.