УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон Баянгол дүүргийн засаг дарга О.Оросоо нар өчигдөр дүүргийнхэээ Эрүүл мэндийн төв болон зарим өрхийн эмнэлгүүдэд ажиллалаа.
Хамгийн эхлээд Эрүүл мэндийн долдугаар төвд ажиллаж ирэх сард ашиглалтад орох 100 ортой хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасгийн засварын үйл явцтай танилцсан бол дараа нь “Учрахуй” өрхийн эмнэлгээр орж үйл ажиллагаатай нь танилцаж тус эмнэлгийн ажилтнуудын саналыг сонссон юм.
Тус дүүргийн 23 хорооны өрхийн эмнэлгүүд дөрвөн бүсэд хуваагддаг бөгөөд өөр өөрийн гэсэн өвөрмөц үйлчилгээтэй гэнэ. Тухайлбал, "Учрахуй" эмнэлэг физик эмчилгээнд тулгуурлан, харьяа иргэддээ үйлчилдэг аж. Цэлгэр том байшинд, цэмцгэр өрөө тасалгаатай энэ эмнэлэг рүү орсон хэн боловч өвчнөө мартах нь мэдээж биз ээ. Үйлчилгээ нь хүртэл цаанаа л нэг өөриймсөг байсан нь хэвлэлийнхний анхааралд өртөж, "Жишиг өрхийн эмнэлэг" хэмээн нэрлэсэн билээ.
Өрхийн эмнэлгийн эмч, ажилтнууд ч дүүргийн Засаг дарга, УИХ-ын гишүүд маань байнга бидний ажлыг шалгадаг болохоор ажил маань урагштай, бүтэмжтэй байдаг юм хэмээн ярьж байсан.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа ч "Бид энэ удаад өрхийн эмнэлгийнхээ үйл ажиллагаатай танилцахаас гадна өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг шалгана. Мөн Баянгол дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт харьяалагддаг "Алтай" хотхоны хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх талаар яригдаж байгаа асуудлын хүрээнд энд ажиллаж байна. "Алтай" хотхонд нийт 6000 орчим иргэн оршин сууж байна. Гэтэл эмнэлгийн анхан шатны үйлчилгээг авах боломж алга. Тиймээс "Алтай" хотхоны иргэд болоод "Тайгам Алтай" компанийн хүсэлтээр "Учрахуй" өрхийн эмнэлгийн салбарыг тэнд байгуулахаар, байр савны асуудлаа ярьж тохирсон. Удахгүй ашиглалтад орохоор тэнд орхигдсон хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ хүрэх болно. Үүнээс гадна өрхийн эмнэлгүүд нэг иргэнээр тооцож, санхүүжилтээ авдаг. Гэтэл нэг иргэнээр санхүүжихээр зардлаа нөхөхтэй үгүйтэй ажиллаж байгаа учраас эмнэлгийн үйл ажиллагаа цааш явахад хүндрэлтэй байгаа. Тиймээс ирэх оны нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхлэх Эрүүл мэндийн даатгалын хуулиар санхүүжилт арай өөрөөр бодогдож эхэлнэ" гэсэн юм. "Учрахуй" өрхийн эмнэлгийн дарга Б.Батболор ажлаа танилцуулахын зэрэгцээ шинээр хийж хэрэгжүүлсэн ажлаа ч энэ үеэр тайлагнасан юм. Тус эмнэлгийн хамт олон иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор товхимол гаргаж, тараасан гэнэ. Үүнийгээ өөрсдөө хөрөнгө гаргаж хийсэн гэдгээ ч хэлж байсан юм. Тэрбээр "Манай хороо нийтдээ 22 мянган хүн амтай. Үндсэндээ 19 мянган хүнд өрхийн эмнэлэг үйлчилж байна. Үлдсэн 3000 орчим хүн бол түр оршин суугч болон энэ харьяаллаа өөрчлөөгүй хүмүүс байдаг. Үнэндээ бол ЭМ-ийн сайдын тушаал бий. 8000 хүн амд нэг өрхийн эмнэлэг үйлчлэх ёстой гэсэн. Гэтэл өрхийн эмнэлгүүдийн үйлчлэх хүрээ аль хэдийнэ энэ тоог давсан байгаа. Тиймээс бид "Алтай" хотхоны оршин суугч 6000 иргэнд үйлчилгээгээ ойртуулахаар тэнд салбар эмнэлгээ байгуулах гэж байна. Зураг төслийн дагуу саналаа өгсөн байгаа" хэмээсэн. Баянгол дүүрэг хэдийгээр хотын төвийн дүүрэг боловч энэ мэтчилэн хүн амын өсөлтөөс шалтгаалсан олон ажлууд хийгдэхээр хүлээгдэж байгаа нь ажиглагдсан юм. Ямартай ч дүүргийн хэмжээнд олон сайхан ажлууд хийгдэж байгаа нь сайшаалтай хэмээн тус дүүргийн иргэд ч ам сайтай байна билээ. Эхлүүлсэн ажлаа дуусгах нь чухал болохоор энэ ажлууд удахгүй дуусч, тууз хайчлах буй заа.
Т.Сар
Сэтгэгдэл (1)