Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, түүний найз ТЕГ-т ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарыг Чойроос хар тамхи худалдан авах гэж байхад нь УМБГ-ын хар тамхитай тэмцэх хэлтсийн саатуулсан хэрэг өнгөрсөн долдугаар сард гарсан билээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар Эрүүгийн цагдаагийн газрынхан багагүй хугацаанд түүнийг хөндлөнгөөс ажиглаж, мөрдөн шалгасны эцэст үйлдэл дээр нь барьжээ.
Уг хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд прокурорын байгууллагын эх сурвалж “Хамтарсан ажлын хэсэг гарч, Х.Тамир нарын гурван хүнд холбогдох хэргийг шалгаж байна. Х.Тамирыг ажлаас нь халсан” хэмээсэн юм.
Түүнийг өнгөрсөн долдугаар сарын 10-ний өдөр Чойроос саатуулсан бөгөөд тухайн үед түүний машины багажнаас 20 гаруй хавтаст хэрэг, эрүү үүсгэхээс татгалзсан олон тогтоол гарч ирсэн нь хахуулийн хэргийн нотлох баримт байж болзошгүй хэмээн АТГ, ЭЦГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байгааг эх сурвалж мэдээлсэн юм.
Х.Тамир нь өмнө нь хип хоп хамтлагт дуулж, бүжиглэдэг байсан бөгөөд Тээврийн прокурорын газраас гадна Багануур дүүрэгт прокурор гээд олон газар ажиллаж байжээ.
Тэрбээр энэ удаагийн ажилдаа ороод удаагүй байсан аж. Х.Тамир нь УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү бөгөөд төрсөн дүү нь нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилладаг Х.И гэх шүүгч ажээ.
Хэргийн талаар одоогоор холбогдох, хууль хяналтын байгууллагуудаа ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байгаа юм.
Албаныхны зүгээс уг хэргийг ихэд нууцалж байгаа ч эх сурвалжууд Х.Тамираас гадна хэд хэдэн хүнийг ч холбогдуулан шалгагдаж байгааг онцолсон юм.
Өмнө нь прокурорууд ямар нэг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд саад болсон, эрх мэдлээ давуулан хөндлөнгөөс хэрэгт нөлөөлсөн гэх мэтийн шүүмжлэлийг дагуулсаар ирсэн. Тэгвэл энэ удаад бүр өөрсдөө хэрэгт холбогдоод авсан энэ юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл (14)