Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны 2 дугаар их хурал болон “Сонгуулийн нэгдмэл байдлыг хангахад сонгуулийн байгууллагын гүйцэтгэх үүрэг ба тулгарч буй асуудлууд” сэдэвт бага хурал Доминикан улсын Санто Доминго хотноо энэ сарын 18-22-ны өдрүүдэд болж өндөрлөв. Дээрх хурлын нээлтийн ажиллагаанд Доминикан улсын Ерөнхийлөгч Данило Медина, тус улсын Сенатын зөвлөлийн дарга, Үндсэн хуулийн шүүхийн дарга, Сонгуулийн дээд шүүхийн дарга зэрэг албан ёсны хүмүүс оролцов. Тус их хуралд дэлхийн 67 орны 200 гаруй төлөөлөгч түүний дотор Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны төлөөлөгчид оролцов.
Их хурлаар шинээр гишүүн болохоор хүсэлт гаргасан 8 улсын гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээс гадна дээрх холбооны дүрэмд өөрчлөлт оруулах, гишүүнчлэлийн жилийн татварын хэмжээ, ДСБА-аас цаашид хэрэгжүүлэх хөтөлбөртэй холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.