ЭМСЯ хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоохоор хоёр дахиа судалгаа хийж буй. Уг судалгааг Засгийн газар, “Глобал” сангийн дэмжлэгээр, ДЭМБ-ын арга зүйгээр хоёр жилийн хугацаанд явуулах юм. Судалгаанд нийслэлийн найман дүүргийн 45 хороо, 15 аймгийн төвийн 21 баг, 18 аймгийн 32 сумын 49 мянган хүн хамруулахаар төлөвлөөд буй. Одоогийн байдлаар томоохон хот, суурингуудын 40 мянган хүнийг үзлэгт хамруулснаас нийслэлийн хүн амын дунд сүрьеэгийн тархалт өндөр байгаа гэх урьдчилсан дүн гаргажээ.
2014 онд сүрьеэтэй 4172 хүн оношлогдсон нь нийт халдварт өвчний 12.5 хувийг эзэлж буй. Тэдний 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод, тэр дундаа хүн амын төвлөрөл ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт оношлогдож байна. Сүрьеэгээр өвчлөгсдийн 70 хувь нь 16- 44 насныхан байгаа бол 60 хувь нь агаар дуслын замаар халдвар авчээ.