Ерөнхий сайдын хэвлэлийн зөвлөх Ц.Мөнхтөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газраас баталсан гэв. Харин хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яам, Хууль зүйн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус даалгахаар болжээ.
Дээрх хуулийн гол санаа нь нуун дарагдуулсан орлого, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгөө ил тод болгон шинээр бүртгүүлсэн тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд хуулийн арга хэмжээ авахгүй байхаар зааж өгсөн юм. Ингэхдээ ил болгосон хөрөнгийг нь зарлахгүй, мөн гэмт хэргийн баримт болгон ашиглахгүй, мөрдлөг явуулахгүй байх зэргээр нарийвчлан зааж өгчээ.
Үүнтэй холбоотойгоор журамд бүртгэлийг цахимаар явуулах, хуулийн үзэл санааг иргэдэд ойлгуулах. Хуулийг хэрэгжүүлэх төрийн байгууллагынханд хуулийн мөн чанарыг ойлгуулах, тусгай сургалтад хамруулж нууцын баталгаа гаргах зэрэг ажлыг хийхээр болжээ.
Хуулийг хэрэгжүүлэхэд Сангийн яам, Хууль зүйн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар голлон ажиллах аж.
Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль нь тодорхой хугацаанд буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний 00.00 цаг хүртэл хэрэгжинэ. Энэ хугацаанд багтаж иргэн, хуулийн этгээд нуугдмал хөрөнгөө ил болгон, цахимаар бүртгүүлж, хуулийн үр шимийг хүртэх боломжтой юм байна.
Засгийн газрын хуралдаанаар өчигдөр дэд сайд нарын томилгоог хэлэлцэж магадгүй гэгдэж байсан ч энэ асуудал ороогүй аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)