2015 оны наймдугаар сарын 7-ны өдөр УИХ Галт зэвсгийн тухай хуулийг шинэчлэн баталж, есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр заасан.
Монгол Улсад 2001 оноос Галт зэвсгийн тухай хуулийг дагаж мөрдөж байгаа бөгөөд Зэвсэгт хүчин, бусад цэрэг цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эзэмшилд байгаа байлдааны зориулалттай галт зэвсгээс бусад галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулж иржээ.
Дээрх хуулийн төсөлд галт зэвсгийг техникийн үзүүлэлт болон ашиглаж буй зориулалтаас нь хамаарч иргэний, харуул хамгаалалтын, хууль сахиулагчийн болон цэргийн гэсэн төрөлд ангилсан ба иргэний харуул хамгаалалтын ангилалд хамаарах жагсаалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цэргийн зориулалттай галт зэвсгийн жагсаалтыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус баталж байхаар хуулийн төсөлд тусгасан тухай хууль санаачлагч тайлбарлав.
Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд галт зэвсэг, сумыг нийтэд нь худалдах төв нь нийслэлд нэг байх, салбар байгуулах, тус төвийн үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага хяналт тавьж байхаар тусгажээ.