ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайдын үүрэг түр орлон гүйцэтгэгч С.Баярцогт өнөөдөр “Сайдын цаг” уулзалтад оролцож, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын талаар мэдээлэл хийлээ.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг Монгол Улс анх удаа баталж байна. Өмнө нь энэхүү хуультай ижил төстэй буюу Татварын өршөөлийн хуулийг 2007 оны 12 сард хэрэгжүүлсэн. Энэ хуульд 8000 гаруй компани хамрагдаж, татварын суурь 4.5 их наядаар нэмэгдсэн хэмээн С.Баярцогт сайд мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.
Тэрбээр, “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нуун дарагдуулсан орлого буюу татварын суурь болж бүртгэгдээгүй байгаа орлогуудыг ил болгох асуудлыг зохицуулсан. Мөн Гаалийн байгууллагад мэдүүлэлгүйгээр хилээр нэвтрүүлсэн эд зүйлс, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн асуудлыг зохицуулсан байгаа. Энэ хуулийг 2012 оноос хойш гурван удаа өргөн барьж байсан ч УИХ-аас гаргасан зарим зарчмын зөрүүтэй асуудлуудын үүднээс эгүүлэн татан авч байсан. Саяхан дахин боловсруулж, УИХ-ын ээлжит бус чуулганаар батлууллаа. Монгол Улсын санхүүгийн жил 12 сарын 31-нд дуусдаг. Тэгэхээр Татварын болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь татварын бодлогод зохицуулалт хийж, хуулийн этгээд буюу компани, хувь хүний орлогын блансыг шинээр эхлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Хуулийн дагуу бол 2015 оны нэгдүгээр улиралын тайлангаар хязгаарлана. Тэгээд энэ оны 12 сарын 31-ны дотор хувь хүн, хуулийн этгээд компанийнхаа болон орлогын мэдүүлгээ гаргана. Ингэхдээ тухайн компаний нэр дээр өмнө нь бүртгэгдээгүй байсан хөрөнгүүдээ оруулах ёстой. Өөрөөр хэлбэл, энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын хэмжээнд илрээгүй юм уу, орлогын мэдүүлэгтээ тусгаж, бүртгүүлээгүй хөрөнгө байхгүй болно гэж үзэж байгаа. Хамгийн гол зорилт нь иргэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын үндсэн дээр бүртгүүлэх ёстой. Ингэвэл Эрүүгийн болон Захиргааны хариуцлагаас нэг удаа чөлөөлөх юм" гэлээ.
Түүнчлэн энэ хуулийг хэрэгжүүлэхэд Нийгмийн даатгалын хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Няглан бодох бүртгэлийн тухай хууль болон Гаалийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртөгийн албан татварын хуульд зохицуулалт хийсэн байна.
Тэрбээр үргэлжлүүлэн "Хуулийн хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, НЭМҮТ, Онцгой албан татвар, Гаалийн албан татварыг өршөөнө. Хуульд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нууцална. Засгийн газрын ээлжит хуралдаанаар хуулийг хэрэгжүүлэх журамыг баталсан. Журмын тухай тодорхой мэдээллийг ТЕГ, УБЕГ гэх мэт төрийн байгууллагуудын цахим хуудсанд байршуулна. Энэ хуулийн талаар иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх зорилгоор 1800-тэй тусгай дугаарууд ажиллуулахаар төлөвлөж байна. Уг дугаар дээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй мэргэжилтэн ажиллах болно. Тухайлбал, тайлангаа хэрхэн бичих, далд хөрөнгийнхөө залруулгыг хэрхэн гаргах зэргийг мэдээлнэ. Хуульд хамрагдах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг цахим болон цаасан бүртгэлээр хүлээж авна. Цахимаар бүртгэлийг энэ оны 12 сарын 31-ны 24 цаг хүртэл авна. Харин цаасан бүртгэлийг 31-ны 18.00 цаг хүртэл буюу ажлын цаг дуусах хүртэл авах юм" гэлээ.
ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайдын түр орлон гүйцэтгэгч С.Баярцогт "Сайдын цаг" уулзалтад оролцож "Эдийн засгийн ил, тод байдлын тухай" хуулийн талаар мэдээлэл өглөө. Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
Т.Хулан
Сэтгэгдэл (5)