ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайдын түр орлон гүйцэтгэгч С.Баярцогт "Сайдын цаг" уулзалтад оролцож "Эдийн засгийн ил, тод байдлын тухай" хуулийн талаар мэдээлэл өглөө. Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
- Төсвийн орлого хэдэн тэрбумаар тасраад байгаа вэ?
- Төсвийн байдал нэлээд хүндрэлтэй байгаа. Төсвийн орлогын биелэлт эхний долоон сарын байдлаар 580 орчим тэрбум төгрөгөөр тасарчихсан байгаа. Энэ бол бодит эдийн засгийн нөхцөл байдлаас ургаж гарч байгаа. Татварын төлөвлөгөө, биелэлт төлөвлөсний дагуу явж байгаа. Хамгийн гол орлого оруулдаг татвар, гааль хоёр байдаг. Гааль дээр орлогын тасалдалт өндөр байна. Энэ нь импорт эрс буурсантай холбоотой байгаа. Худалдааны бланс эерэг гарсан. Энэ бол экспорт нь импортоосоо давчихсан гэсэн үг. Энэ бол улс орнуудад сайн үзүүлэлт боловч манай эдийн засгийн хувьд энэ өөрөө эдийн засаг бүхэлдээ агшиж байнаа гэсэн үг. Яагаад гэвэл манай гол эдийн засаг импорт дээрээ суурилчихсан байдаг учраас эдийн засгийн хувьд агшилт явагдаж байна. Дээрээс нь дэлхий нийтийн хувьд эдийн засгийн байдал хүнд байгаа. Мөн гол гол нэр төрлийн түүхий эд бидний тооцож байснаас доогуур болж унаж байгаа. Одоо хамгийн эерэг мэдээлэлтэй байгаа нь нефтийн бүтээгдэхүүний үнэ байгаа. Нефтийн үнэ буурахад манайд ашигтай байдаг. Үүнтэй зэрэгцээд бусад орлогын эх үүсвэр болдог зэс, нүүрс, төмрийн үнэ унасан байгаа. Орлогын тасалдлын бас нэг үүсвэр бий. Бид өмч хувьчлалаас 180 гаруй тэрбум төгрөгийн орлого олно гэж төлөвлөсөн. Тэгээд өмч хувьчлалын үзэл баримтлал УИХ-аар баталсаны дараагаар дээрх орлого бараг 70 гаруй хувиар буурахаар боллоо. Энэ хүчин зүйлүүдээс болж улсын орлогын тасалдал нилээн өндөр хувьтай гарах гээд байна. Тиймээс төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай.
- Эдийн засгийн Өршөөлийн хууль батлагдсанаар татварын өртэй компаниуд өршөөгдөх юм байна. Тэгэхээр “Иточү”, “Алтайн Хүдэр” зэрэг улсад их хэмжээний татварын өртэй компаниуд өршөөгдөнө гэж ойлгож болох уу?
- Одоогийн байдлаар 640 орчим тэрбум төгрөгийн хүлээгдэж буй татварын өр байгаа. Үүний тодорхой хэсгийг хүү, алданги эзэлж байна. Энэ бол ямар нэгэн гэмт хэрэг биш. Графикийнхаа дагуу татвараа төлөх бололцоогүй байгаа компаниудын жагсаалт. Компани үйл ажиллагаагаа явуулаад татвараа төлөх ёстой. Харин төлж чадахгүй байгаа учраас татварын өрүүд үүсдэг. Бидний зүгээс татварын төлөлтийг бодитой болгох үүднээс ямар арга хэмжээ авах талаар Сангийн яам, Татварын Ерөнхий газар судалгаа хийж байна. 2007 оны татварын Өршөөлийн хуулиар тодорхой хувийг төлөөд бусдыг нь хөнгөлж байсан байна.
- УИХ-ын дарга З.Энхболд есдүгээр сарын 7-ны дотор сайд нарынхаа нэрсийг өргөн барь гэсэн. Засгийн газрын зүгээс энэ хугацаанд амжуулан сайд нарынхаа нэрсийг өргөн барьж чадах уу?
- Засгийн газрын хуулиар сайд нарын нэрсийг 30 хоногийн дотор УИХ-д өргөн барих ёстой. Үүнтэй холбогдуулаад Засгийн газрын зүгээс намуудын хэлэлцээрийн үндсэн дээр сайд нарын нэрсийг өргөн барихаар ажиллаж байна.
- Хугацаандаа амжиж өргөн барьж чадах уу?
- Бүх асуудал намуудын хоорондын хэлэлцээрээр шийдэгдэнэ. Засгийн газрыг бүрдүүлж чадаагүй бол урт хугацаагаар үүрэг гүйцэтгэгч ажиллаж байсан түүхүүд өмнө нь бий. 1998 оны Ц.Элбэгдоржийн ЗГ-ын үед түр орлон гүйцэтгэгч сайд нар 7 сар ажилласан байдаг. Гэхдээ ийм тохиолдол болохгүй байх.
- Дэд сайд нарын асуудлыг танай нам дотор хэлэлцсэн үү?
- Дэд сайд нарыг сайд нарыг томилсоны дараа томилно.
- Эдийн засгийн ил, тод байдлын хуульд компаниуд хамрагдахгүй үлдчих вий гэсэн болгоомжлол компаниудад байна. Мөн илрүүлж чадахгүй юм чинь татвараа нуун дарагдуулаад өнгөрье гэсэн байгууллагууд ч бас байна?
- Хуулийн зохицуулалт хатуу шаардлагатай бас компанийн ашиг, орлогод их хэмжээгээр нөлөөлж байвал ашгаа бодоод хууль бус зүйл хийж байна гэж ойлгож болно. Гэтэл төр өөрөө санаачлаад бизнесийхэнд дарамт учруулж байсан заалтаа өөрчлөөд боломж олгож байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (25)