Жил бүрийн хичээлийн шинэ жилийн нээлтэд төр засгийн өндөр албан тушаалтнууд оролцдог уламжлал тогтоод удаж байна. Тэгвэл энэ жилийн хичээлийн жилийн эхний өдөр хэн, хаана ямар арга хэмжээнд очсоныг хамтдаа сонирхоё.
1. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 7-дахь жилдээ теле хичээлээ заав. Энэ жилийн сэдэв нь "Санаа зөв бол заяа зөв". Тэрээр хүүхэд багачуудаа үргэлж өөдрөг сайн, гэрэл гэгээтэй зүйл бодож явахыг захисан байна. Өөрөө ч үргэлж гэгээлэг зүйл бодож явдаг бололтой.
2. МАН-ын дарга М.Энхболд Төв аймгийн Зуунмод хотын "Хүмүүн" цогцолбор, МСҮТ-ийн нээлтэд оролцов. Мөн тус аймгийн нэгэн цэцэрлэгийн нээлтэд очсон талаарх мэдээлэл нь "Намрын цэцэгсийг ичтэл гоёсон сурагчидтай намын дарга М.Энхболд хамт баярлалаа" гэсэн гарчигтай явсан нь өчигдөр олон нийтийн сүлжээн дэхь онцлох сэдэв болов.
3. УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тусгай сургалттай Нийслэлийн 29-р сургуулийн нээлтэд оролцож, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд бэлэг гардуулав.
4. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт төрөлх нутгаа эргэж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.
5. Тэгвэл УИХ-ын гишүүн Р.Амаржаргал мөн тусгай сургалттай Нийслэлийн 116-р сургуулийн нээлтэд оролцож, хараагүй хүүхдүүдтэй хичээлийн шинэ жилийн баярыг нь хуваалцжээ.
6. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Нийслэлийн 33-р сургуулийн нээлтэд оролцов. Өөрөө сандал дээр тухлаад багачуудаа босоогоор нь баярлуулж буй энэ зураг цахим ертөнцөд багагүй маргаан дагуулав.
7. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дархан-Уул аймагт 100 хүүхдийн цэцэрлэг барих шав тавилаа. Энэ цэцэрлэг 2015 оны 12-р сарын 01-нд ашиглалтанд орно гэв. Хүлээх л үлджээ. Хүмүүс түүнийг шав тавих ёслолоос бусад цагт нутаг, орныхондоо харагдах хэрэгтэй гэж шүүмжилж байна.
8. Боловсролын сайд Л.Гантөмөр ШУТИС-ийн нээлтэд оролцож "Инженерүүдийн арми бэлтгэе" гэж уриалжээ. Өөрөө жанжин нь болох бололтой.
Энэ хичээлийн шинэ жил нэг иймэрхүү. Үүнээс харвал сонгууль ойртсон гэдэг нь мэдэгдэж байгаа юм. Сонгуулийн өмнө хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, хүүхдүүдэд бэлэг тараах дүр, зураг бол улс төрчдийн хувьд жинхэнэ сайн имиж болно. Харин дээрх хүмүүс дундаас Р.Амаржаргал, С.Бямбацогт нарын сонголтод олон нийт арай л нааштай хандаж байна. Учир нь нийгмийн орхигдсон хэсэг болох хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудыг эргэж, тойрдог хүн хэд байдаг билээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)