-Дархан хотын иргэдийн төлөөлөл Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид ил захидал илгээлээ-
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүхийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч дахин хойшилсон билээ.
Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралд Багануурын нүүрсний уурхайн удирдлагууд болон дүгнэлт үйлдсэн н.Ичинхорлоог оролцуулах хүсэлт гаргасан ч “Гэрчүүд ирээгүй” гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг энэ сарын 10 хүртэл хойшлуулж, Л.Гансүхийг цагдан хорьсон юм. Мөн дараагийн шүүх хурлыг хорих 461 дүгээр ангид хийхээр шийдвэрлэсэн.
Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүхийн тойргийн иргэд буюу Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөл Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид ил захидал илгээсэн байна. Захидлыг бүрэн эхээр нь хүргэе.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга
Н.Лүндэндорж танаа
2015.09.02 Дархан.
Эрхэм хүндэт шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж дарга таны амар амгаланг эрин, ажилд тань амжилт хүсэн Дархан хотын иргэдийн төлөөлөлөөс мэндчилж байна.
Монгол улсад шударга үнэнч, зарчимч хуулиа дээдэлсэн шүүх засаглалыг бий болгохын төлөө, ард олныхоо амгалан тайван байдлын төлөө дарга таны хийж буй шүүх засаглалын шинэчлэлийн ажлуудыг иргэд бид харж дэмжиж явдагаа дамжуулахын ялдамд иргэд бидний итгэсэн шиг , таны зорьсон шиг монгол төрийн маань шүүх засаглал тэр бүр ил тод нээлттэй байж чадахгүй байна гэдгийг хэлэхийн ялдамд Монгол улсын ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхтэй холбоотой шүүх хурлыг ил тод нээлттэй явуулахгүй шүүхийн танхимд биш шоронгийн өрөөнд хаалттайгаар явуулах гэж байгаад иргэд бид үнэхээр их сэтгэл эмзэглэж байна.
Дархан-Уул аймгийн иргэд бид танд Монгол улсын ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийн нүүрс хөтөлбөртэй холбоотой шүүх хурлыг ард иргэдэд бодит үнэн зөвөөр хүргүүлэх үүднээс шүүх хурлыг шүүхийн танхимаас олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр шууд дамжуулан ил тод нээлттэй шударга явуулахыг хүсэж 5000 гаруй хүний гарын үсэгтэй хүсэлтийг танд хүргүүлсэн билээ.
Гэтэл 2015 оны 09-р сарын 02-ны өдөр болох Л.Гансүхийн шүүх хурал нь 2015 оны 09-р сарын 10-ны өдөр хүртэл хойшлогдож, тэр болтол 461-р ангид түр хугацаагаар хоригдон улмаар шүүх хурлын танхимд нээлттэй бус тус 461-р хорих ангид шүүх хурал нь явагдахаар болж байгаад иргэд бид үнэхээр харамсаж бухимдаж байна.
Учир нь Л.Гансүх маань Дархан-Уул аймгийн 90 гаруй мянган иргэд сонгогчдын итгэл үнэмшил сонголтоор 2 удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, сонгогч түмнийхээ итгэлийг даан улмаар Монгол улсын сайд, Ардчилсан намын УИХ дахь бүлгийн даргын албыг хашиж төр түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсартайгаар биелүүлж байсан шударга төрийн түшээ журмын итгэлт нөхөр минь юм.
Дарханчууд бидний итгэлт нөхөр Л.Гансүх гэж энэ хүнийг хэзээ ч төрийн мөнгийг шамшигдуулж хувьдаа завших хүн биш гэдэгт Дарханчууд бид итгэлтэй байж, түүнтэй холбоотой шүүх хурлыг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр шууд хүлээн авч үзэж, шүүхээр шударгаар шүүгдэн гэм буруугүй нь нотлогдон цагаадана гэж итгэж хүлээж байна.
Иймд Л.Гансүхтэй холбоотой шүүх хурлыг 461-р хорих ангийн ШОРОН-гийн хашаанд биш ШҮҮХ танхимд хийж иргэд олон нийтэд нээлттэй ил тод шударгаар шүүж явуулж өгөхийг иргэд бид хүсч энэхүү хүсэлтийг танд хүргүүлж байна.
Иргэд бидний хүсэлтийг хүлээн авч шүүх хурлыг иргэд олон нийтийг оролцуулан ШОРОН-гийн танхимд биш ШҮҮХ танхимд ил тод нээлттэй явуулж хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр шууд нэвтрүүлж өгөхийг таниас хичээнгүйлэн гуйж байна.
Дарханчууд бидний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн хариугаа 2015 оны 09-р сарын 07-ны өдөр өгнө үү.
Танд ажлын амжилт хүсэн эрүүл энх сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол улсын шүүх засаглал шударга үнэний төлөө ажиллах болтугай.
ЖИЧ: Иргэд бидний хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг шударга ил тодоор нээлттэйгээр ШОРОН-гийн биш ШҮҮХ-ийн танхимд шүүх хурлыг явуулж өгөөч гэж дахин хүсэхийн ялдамд иргэд бидний хүсэлтийн хариуг заасан хугацаанд маань өгөхгүй тохиолдолд иргэд бид жагсаал цуглаан зохион байгуулах, суулт хийх өлсгөлөн зарлах хүртэлх шат дараалалтай арга хэмжээ зохион байгуулан Л. Гансүхийгээ өмгөөлөн шударга үнэний төлөө явах болно гэдгээ танд албан ёсоор мэдэгдэж байна.
Дарханы 5000 гаруй иргэдийг төлөөлж:
Дархан-Уул аймаг Дархан сум. С.Наранцэцэг
Дархан-Уул аймаг, Дархан сум. Иргэн Б.Цэрэнбадам
Дархан –Уул аймаг, Дархан сум. Д.Ганболд
Шүүхийн ерөнхий зөвлөл, Тасганы овоо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс,
Сэтгэгдэл (21)