МАН-ын урилгаар улс төрийн 20 намын удирдлага өнөөдөр Төрийн ордонд хуралдав.
Тэд Сонгуулийн хууль болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар нээлттэй санал бодлоо солилцсон юм.
Уулзалтад МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Л.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, МҮАН-ын намын дарга М.Энхсайхан, ИЗНН-ын дарга Ц. Ганхуяг, БНН-ын дарга Б.Жаргалсайхан болон парламентад суудалгүй намын удирдлагуудын төлөөлөл оролцсон юм.
“Үндэсний зөвшилцөл” уулзалтын үр дүнд Монголын бүх улс төрийн намууд хамтдаа Сонгуулийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулж, ирэх сарын 1-ны өдөр гэхэд УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй ажиллахаар болжээ.
“Үндэсний зөвшилцөл” уулзалтаар улс төрийн намууд зарчмын хэд хэдэн асуудалд байр сууриа нэгтгэсэн юм. Тодруулбал, намуудын олонхи нь сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байсан юм.
Ард иргэдийн саналыг хар машинаар тоолсон ч давхар хяналтын тооллого зайлшгүй байх ёстойг ч хэлэх хүн олон байсан. Түүнчлэн сонгуульд орж байгаа намууд хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ижил гараанаас өрсөлдөх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
Сэтгэгдэл (1)