Энэ сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр смарт картгүй иргэдийг 1000 төгрөгөөр зорчих шийдвэр гарсан.
Гэтэл оюутнууд өнөөдрийг хүртэл чухам ямар картаар хэрхэн зорчих нь тодорхой бус байгаагаас болж оюутнууд 1000 төгрөгөөр зорчиж байгаа.
Нийт 64000 оюутны смарт карт хэвлэгдэж, наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тараагдах ёстой байсан ч өнөөдрийг хүртэл оюутнууд гар дээрээ картаа аваагүй байгаа тул нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчиж буй оюутнуудыг төлөөлж Монголын оюутны холбооноос өчигдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд шаардлага хүргүүлсэн юм.
Уг шаардлагын хариу ирээгүй тул Монголын оюутны холбоо болон их дээд сургуулийн оюутнууд Чингисийн талбайд өнөөдөр суулт зарлав.
Энэ үеэр Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Н.Санчирбаатар: “Нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотойгоор оюутнууд тайван суулт зарлаж байна. Улс орны эдийн засаг хүнд байна. Их дээд сургуулийн төлбөр нэмэгдээд байгаа энэ хүнд үед нийтийн тээврийн асуудал бас нэгэн дарамт болж байна. Тиймээс хотын удирдлагууд шийдвэрүүдээ эргэн хараач. Бид шинэ юм хийж байгааг эсэргүүцээгүй, шинэ юм хүсээгүй. Зөвхөн оюутнуудад хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу нийтийн тээвэрт зорчих боломж олгооч гэдэг л асуудал байна. Оюутан хүн халаасандаа мөнгөгүй байж болох ч хичээлдээ үнэ төлбөргүй зорчдог байх боломж олгооч ээ. Шаардлагын хариу өнөөдөр 12:30 цагт ирэх ёстой байсан ч таг чимээгүй байна. Оюутнууд нийтийн тээврээр яаж зорчих нь тодорхой бус байгаа тул бид зайлшгүй суулт хийх хэмжээнд хүрлээ” хэмээсэн юм.
Өнөөдрийн тайван жагсаалд 150 гаруй оюутан оролцлоо. Энэхүү эсэргүүцлийн суултад иргэний нийгмийн байгууллагууд бусад холбоод нэгдэхээ илэрхийлээд байгаа гэнэ.