Энэ сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Гачууртын эцэс, Туул голын усанд амьгүй төрсөн ургийг хаясан дуудлага 15.15 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуулагын дагуу Аврах ангийн долоон албан хаагч гол даган эрэл хийжээ.
Тухайн өдөр харанхуй болтол буюу 20.40 цаг хүртэл эрлийг үргэлжлүүлсэн бөгөөд өчигдөр мөн гол даган хайсан ч олоогүй байна.
Харин өнөөдрөөс хэргийг гэмт хэргийн шинжтэй хэмээн цагдаагийн байгууллагад шилжүүлэн, эрлийг зогсоосон талаар нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэсэн тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй аж.
Ямартай ч хэргийг үйлдсэн гэх 43 настай эх нь “Хүүхэд амьд төрсөн, эсвэл дутуу, амьгүй байсан” зэргээр зөрүүтэй мэдээлэл өгчээ.
Тухайн эмэгтэй Гачуурт тосгонд амьдардаг, тогтсон гэр бүлтэй хүн нэгэн болохыг албан бус эх сурвалж мэдээлж байгаа юм.