Халх голын сав орчмын 500 мянган га газарт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэрийг Засгийн газар, УИХ-аас гаргасан. Тэгвэл уг шийдвэрийг эсэргүүцэж Хөдөлмөрийн үндэсний намаас /ХҮН/ мэдээлэл хийлээ. Тус намынхан УИХ-ын шийдвэртэй холбогдуулан Халх голд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлаар судалгаа хийсэн бөгөөд ажлын хэсэг гаргаж газар дээр нь очиж ажиллуулжээ. Ингээд Халх гол орчмын газрыг Эдийн засгийн чөлөөт бүс болгож болохгүй талаарх бодит дүгнэлтийг гаргасан байна.
Дүгнэлтийг товчхон танилцуулбал, “Хөдөө аж, ахуйн салбарыг Халх гол эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын шийдвэр нь Монгол улсын хүнс, хөдөө аж, ахуйн салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичиггүй нөхцөлд үндэсний болон салбаруудын хөгжлийн бодлоготой ямар нэг уялдаагүй гаргасан, хүнсний урт хугацааны аюулгүй байдал, байгаль орчин, хөрс, ан амьтан, ургамал, усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл, эрсдлийг үнэлээгүй, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын зүйл заалтуудтай ноцтой зөрчилдсөн байна. Мөн Хөдөө аж, ахуйн салбарын хөгжлийг дэмжихийн тулд чухам яагаад чөлөөт бүсийн хувилбарыг, тэр тусмаа Халх гол бүсэд сонгож байгаа үндэслэл, төсөл хэрэгжүүлснээр Монгол улсад болон гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад эдийн засгийн ямар ашиг, үр өгөөж авчрах талаар тооцоо, судалгаа байхгүй, улсын хөгжлийн маш чухал бодлогын шийдвэр гэхэд үндэслэл муутай, олон тооны ноцтой эрсдлүүд дагуулж болохоор шийдвэр болжээ. Иймд, Халх гол чөлөөт бүс байгуулах, хөгжүүлэх талаар судалгаа, нөлөөлөл, эрсдлийн үнэлгээг дахин сайтар хийж, төслийн загварыг шинэчлэн, бодлогын шийдвэрийг эргэн харах, залруулах шаардлагатай гэж үзэж байна” гэжээ.
Уг дүгнэлтийг Халх голд газар дээр очиж ажилласан багийнхан болон тус намын дэргэдэх Хөгжил ХҮН бодлого, судалгааны хүрээлэнгийн судалгааны баг хийсэн байна.
Энэ талаар ХҮН-ын дарга С.Боргил: Эдийн засгийн их ашигтай ажилласан ч Халх голыг ингэж ашиглаж болохгүй
- Эдийн засгийн маш их ашигтай байсан ч стратегийн чухал газрыг ингэж хамаагүй ашиглаж болохгүй. Бид олон улсын гэрээ хэлэлцээр хийх чадамжгүй. Эрх зүйн чадамж, хүн хүчний нөөц бололцоо, өөрсдийн эрх ашгийг олон улсын түвшинд хамгаалах хэр их чадвартай билээ. Мөн Халх голд чөлөөт бүс байгуулах нь үндэстнийг хамарсан хөдөө аж, ахуйн ямар цогц бодлогын нэг хэсэг нь юм. Энэ мэт үндэслэлээр Халх голд чөлөөт бүс байгуулахдаа маш сайн, тооцоо судалгаатай ажиллах ёстой.
ХҮН-ын удирдах зөвлөлийн гишүүн Т.Бат-Оргил: 500 мянган га газар гэдэг нь Улаанбаатарын газар нутаг дээр Багануур, Багахангайн газрыг нэмсэнтэй адил
- Халх голд чөлөөт бүс байгуулах шийдвэр гарсны дараа бид тал бүрийн судалгаа, шинжилгээний ажлыг хийлээ. Хөрс судлаач, байгаль судлаач, шувуу судлаачаас эхлээд хөдөө аж, ахуйн мэргэжлийн олон хүн хамтарсан ажлын газар дээр нь очиж ажилласан. Хамгийн энгийн жишээ хэлэхэд Халх гол орчимд амьдарч буй айлууд ийм шийдвэр гарсаныг мэдээгүй байна. Тэд “Энэ шийдвэр хэрэгжвэл бид яаж амьдрах болж байна. Буйр нуураас хүн, малтайгаа ундаалдаг. Бүтэн үеэрээ энд амьдарч ирсэн” гэж хэлж байна. Манай улс төрчид хуучин зуршлаараа уг шийдвэрийг гаргасан. Тухайлбал, Шинжлэх ухааны дүн шинжилгээгүй, ул суурьгүй шийдвэр гаргажээ. Тэр бүс нутагт усны судалгааг огт хийгээгүй байна. Эдийн засгийн ямар үр нөлөө гарах талаар ч олигтой хийсэн судалгаа алга. Чөлөөт бүсийн тухай хуулинд чөлөөт бүс байгуулахдаа эдийн засгийн урьдчилсан тооцоог хийх ёстой гэж заасан байдаг. Гэтэл Халх голд чөлөөт бүс байгуулах асуудлаар ямар ч тооцоо судалгаа алга байна. Цаашилбал уг чөлөөт бүсийг байгуулснаар ХАА-д ямар эмгэнэлт байдал бий болохыг ч мэдэхгүй байна. Улс төрчид зөвхөн ерөнхий үгээр л халхавч хийж байна. Тэд эдийн засаг сайжирна, гаднаас технологи орж ирнэ гэж ярьж байгаа. Зарим хүмүүс Халх гол Хятад, Солонгос технологийг оруулж ирнэ гэнэ. Гэтэл тэр Хятад, Солонгос технологи нь аль эрт хуучирчихсан. Дэлхий нийтэд Америк, Канадын технологи тэргүүлж байна. Эдгээр улсуудын технологийг ч Монголд ашиглаж эхлээд удаж байгаа. Гэтэл хоцрогдсон технологийг Халх голд ашиглах гэж байна. Халх голд чөлөөт бүс байгуулаад тэнд үйл ажиллагаагаа явуулах байгууллагуудад ч ашигтай зүйл алга. Ядаж л татварын таатай нөхцөлгүй байна. Халх голд чөлөөт бүс байгуулах шийдвэрт өгөх урьдчилсан судалгааг бид онлайн хэлбэрээр тараана. Тэгэхээр эрдэмтэн судлаач, ард иргэд үзээд санал бодлоо нээлттэй явуулаач гэж уриалмаар байна. 500 мянган га газар гэдэг нь Улаанбаатарын газар нутаг дээр Багануур, Багахангайн газрыг нэмсэнтэй адил. Халх гол бол Монголын хамгийн үржил, шимтэй газар юм. Тийм газарт гадны иргэдийг маш олноор нь татан оруулбал юу болох вэ” гэлээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (16)