Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт хэвтэж байгаа Ч.Амарболд генерал өчигдөр хавдар боох хагалгаанд орсон. Гэсэн ч түүнийг өнөөдөр шүүх хурлын танхим руу албадан авч явах шийдвэр гаргаад байгаа юм. Гуравдугаар эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Т.Төмөр-Очир болон бусад зөвлөх эмч нар түүнийг хэвтрийн дэглэм сахих ёстой гэсэн дүгнэлт гаргажээ. Биеийн байдал нь хүнд байгаа тул босгож явуулах боломжгүй гэж үзсэн байна. Гэтэл нөгөө талаас Сүхбаатар дүүргийн шүүгч Соёмбо-Эрдэнэ “Ч.Амарболдын бие шүүх хуралд оролцох хэмжээнд байгаа. Тиймээс шүүх хурал болох газар руу албадан аваачих хэрэгтэй” гэсэн утгагтай дүгнэлт бас гаргаад байна. “Эрүүл мэнд, биеийн байдлын талаар эмч нар дүгнэлт гаргадаг болохоос шүүгч хүн ийм дүгнэлт гаргадаггүй” гэх зэргээр энэ шийдвэрийг нь хүмүүс шүүмжилж байна.