Хүүхэд насны хүсэл тэмүүлэл амьдрал болон цэцэглэх нь юутай сайхан. Энэ л хүсэл тэмүүлэл, мөрөөдлийнхөө эзэн байхын төлөө зүтгэж, хөдөлмөрлөсөн жирийн нэгэн сэхээтэн залуу өдгөө монгол эх орныхоо нэрийг дэлхийн чихнээ дуурсгаж явна.
Хүний амьдралын баяр гуниг, жаргал зовлон гээд ертөнцийг бүхэлд багтаан таниулж, уран барималаар илэрхийлэх гайхамшигт урлагтай амьдралынхаа нэгээхэн хэсгийг холбосон уран барималч Б.Баясгалангийн талаарх мэдээллийг сонсоод түүнтэй уулзаж, дэлхийд танигдсан бүтээлүүдийнх нь талаар болон энэ урлагт хөл тавьсан тэр л цаг мөчүүд, хүсэл мөрөөдлөө биелүүлж яваа он жилүүдийнх нь талаар сонирхохыг хүсэв.
Дэлхийд танигдсан уран бүтээлч түүнтэй уулзаж, хөөрөлдөхөд ёстой л “Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн” гэх үг өөрийн эрхгүй сэтгэлд бууж байсныг нуух юун.
Тэрбээр өмнө нь ССАЖЯ-ны Гадаад хамтын ажилгааны хэлтсийн мэргэжилтэнээр ажиллахын сацуу соёл урлагийн салбарт өөрийн хувьд нэмрээ оруулж байсан юм.
Мөн дотоод гадаадын нэлээд олон их дээд сургуулийг дүүргэж, чамлахааргүй мэдлэг боловсрол хуримтлуулжээ. Тодруулбал 2004 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Бизнесийн удирдлага, 2008 онд Peralta College, California, USA Биснесийн удирдлага, мэдээллийн чиглэлээр мэргэшсэн байна.
Мөн 2009 онд Academy of Art University San Francisco, California, USA Урлагийн их сургуульд урлагийн сэтгэл судлаач, 2012 онд The Florence Academy of Art, Italy Урлагийн академид Figurative Art чиглэлээр суралцан төгсчээ.
2014 онд Итали Улсын Флоренц хотын “Scuola d'Arte Sacra” сургуульд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх хугацаандаа Флоренц хотноо өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан байна.
Тэрбээр нийслэлийн тавдугаар цэцэрлэгт хүмүүжиж байхдаа л гарын дүйтэй гэгдэж, “Мартын 8”-аар ээждээ урласан ил захидал хийж бэлэглэж байсан нь түүний анхны бүтээл байсан гэдгийг Б.Баясгалан дурсаж байсан юм.
Түүнчлэн “Хүүхэд насны хүсэл мөрөөдлөө таньж, уртын замд хөгжүүлж, хөдөлмөрлөж чадвал амжилт ирнэ гэж боддог. Ер нь залуу хүн үргэлж өөрийгөө хөгжүүлж, тал талын мэдлэг боловсролтой болох хэрэгтэй гэдэг үүднээс л би дээрх сургуулиудыг дүүргэсэн. Энэ нь ч миний амьдралд бас нэгэн шинэ орчин, өвөрмөц мэдрэмжийг бий болгосон гэж хэлж болно” хэмээсэн юм.
Үнэндээ ч бизнесийн удирдлага чиглэлээр суралцан төгсөж банк санхүүгийн салбарт ажиллаж байсан хүн урлаг судлалын мэргэжлээр суралцаж, уран барималч болж дэлхийд танигдсан бүтээл туурвьсан гэж бодохоор аргагүй л хүний хүсэл мөрөөдөл, шаргуу хөдөлмөр гэдэг ямар агуу болох нь бэлэхнээ харагдах ажгуу.
Б.Баясгалан 2012 онд сургуулиа дүүргэсэн жилээ АНУ, Их Британи, Европын урлагийн шилдэг сургуулиудын таван том сургуулийн захирлууд оролцон ялагчийг тодруулдаг ARC /Art Renewal Center/ нь реализмын чиглэлийн хүн зураг, хүн баримлын шилдэг бүтээлийг шалгаруулдаг тэмцээнд оролцон дэлхийн сонгодог урлагийн Гран при шагналыг анх удаа хүртэж эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан юм.
Түүнчлэн Их Британи Улсын (The Society of Portrait Sculptors) Хөрөг барималчдын нийгэмлэгээс жил бүр зохион байгуулагддаг олон улсын дээд зэрэглэлийн оны шилдэг нүүр царайг тодорхойлох “FACE-2014” тэмцээнд өөрийн хоёр уран бүтээлээр оролцож, финалд шалгарч байжээ.
Түүний бүтээлүүдэд хүний дотоод мөн чанар, сэтгэл хөдлөлийн нуугдмал хөг аялгууг энгийнээр илэрхийлдэгээрээ орчин үеийн уран бүтээлчдээс ялгардаг онцлогтой аж. Гран при шагнал хүртсэн “Жан пауло” барималд ч энэ бүхэн тусч, шинэсэн учраас энэхүү шагналын эзэн болсон байна.
Голдуу хүн баримлын чиглэлээр бүтээл туурвидаг ч гэсэн нэлээд олон төрлийн жанаруудаар бүтээл уралдаг Б.Баясгалангийн ирээдүйн гол зорилго нь Грек, Ромын сонгодог архитектурын мэргэжлээр мэргэшиж, түүнийгээ уран бүтээлтэйгээ хослуулан сонгодог бүтээл туурвихад оршиж байгаа гэнэ. Түүнчлэн Монгол Улсын уламжлалт соёл, соёлын үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдгээ ч хэлж байсан юм.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах “Улаанбаатар Арт Фэйр 2015” дүрслэх урлагийн үзэсгэлэнд түүний бүтээл дэлгэгдэж байгаа юм. Энэхүү сайхан гэгээлэг мэдээгээр энэ удаагийн Эерэг 24 булангаа жаргаая.
24tsag.mn Б.Батчимэг
Сэтгэгдэл (6)