“Арслан”-тай авдарыг л мэдэхээс биш арслантай сейф гэж байдгийг хүмүүс тэр бүр дуулаагүй биз. Тэгвэл Монголын үндэсний урлагийг илтгэх хээ, угалзаар чимэглэсэн сейф буюу мөнгө агуулах төмөр хайрцагыг “Таван нүд” групп худалдаанд гаргаж байна. Сейфний нүүрэн хэсэг нь бүхэлдээ монголчуудын хэрэглэж заншсан авдартай адил байгааг та бүхэн доорх зурагнаас харж болно.
Сейфийг хээ, угалзтай болгох санааг “Таван нүд” группийнхэн анх гарган, загвар дизайнаа өөрсдөө зохиож Солонгост захиалгаар үйлдвэрлүүлжээ. Хээтэй болохоороо л бусдаас ялгарчихдаг юм уу? гэх асуулт хүмүүст төрж магадгүй юм. Мөн тус хээнүүд нь ямар учир, утгыг агуулдаг зэргийг ч сонирхож буй. Тэгвэл эдгээр асуултад “Таван нүд” группийн борлуулалтын менежер С. Ууганбилэг ингэж хариуллаа.
С.Ууганбилэг: Монголын уламжлалт урлаг болох хээ, угалзтай сейф гэдгээрээ онцлогтой
- Монголын уламжлалт урлаг болох хээ, угалзыг оруулж өгсөн нь тус сейфны онцлог уу?
- Тус сейфны онцлогийг ганц хээ, угалзаар хэмжиж болохгүй юм. Мэдээж бүх сейфүүд ямар нэгэн утга, учир, бэлэг, дэмбэрэлийг агуулсан хээтэй байгаа нь онцлог мөн. Үүнээс гадна тус сейфүүд нь галт тэсвэртэй, гаднах хэмийг 150 дахин бууруулж доторх эд зүйлсээ хамгаалж чаддаг. Мөн цохилт даах хүчитгэсэн хамгаалалттай, хөдөлгөж эвдэлхээр оролдвол бэхлэн түгжих системтэй юм. Цаашлаад Солонгос болон Япон, Шведийн үйлдвэрлэлийн стандартад тэнцсэн. Энэ бүхэн нь тус сейфны бусад онцлог болж өгнө.
- Орчин үед авдар хэрэглэдэг айл бараг байхгүй болж. Тэгэхээр гэртээ үнэт эдлэлээ хадгалдаг айлуудад тус сейф тун хэрэгтэй юм байна гэж харж байна? Та бүхэн ч мөн энэ эрэлт, хэрэгцээнд зориулж сейфийг захиалж хийлгэс үү?
- Тийм. Эрт үед айлууд гэртээ авдар хэрэглэдэг байлаа. Авдарт нь тухайн айлын бүх үнэт эд, хэрэглэлүүд хадгалагддаг байсан. Тэгвэл одоо энэ сейфийг хэрэглэж болно. Уг сейфийг сонгосноор хамгийн эхэнд үнэт, эд хэрэглэлийнхээ хадгалалтад санаа зоволтгүй болж байна. Овор хэмжээ багатай учраас та бүхэн гэрийнхээ хаана ч суурилуулж, байруулах боломжтой. Ганц гэр гэлтгүй албан байгууллагуудад ч уг сейф нь хэрэгтэй эд юм.
- Сейфний нүүрэн хэсэгт хээ, угалз байруулах гэсэн нь ямар учиртай вэ?
- Мэдээж энэ нь маш их утга, учрыг агуулна. Монголчууд яагаад “Арслан”-тай авдар, түмэн наст хээтэй тавилга зэргийг хэрэглэдэг байсан юм. Хээ гэдэг нь геометрийн хатуу дүрсийг илэрхийлдэг бол угалз нь уян хатан, угалзарсан байдаг шүү дээ. Энэ нь хатуу зөөлөн, арга билгийг бэлгэдэж байгаа юм. Монголчууд эрт дээр үеэс маш гүнзгий логиктойгоор аливаа зүйлийг хийдэг байж. Жишээ нь арслантай авдар байна. Одоо ийм авдартай айл ховор. Монгол айлын авдар хоймортоо байрладаг. Дотор нь үнэ цэнэтэй эд хөрөнгөө хадгалдаг шүү дээ. Түүнийг нь арслан манадаг байж. Мөн өлзий утас хээ нь маш гүнзгий утга учиртай. Яаж ч эргүүлсэн үндсэн хэлбэрээ алддаггүй, тасархайгүй, өнцөг булангүй учир ажил үйлс бүтэх, аян зам саадгүй байхыг бэлгэддэг. Харин орчин үед аль ч газарт үндэсний хэв маягийг илэрхийлсэн зүйл байдаггүйг мэдсэн. Тиймээс бид энэ бэлгэдлээ бодож үнэт зүйлээ агуулдаг сейфэндээ үндэсний соёлоо шингээж өгье гэж бодсон юм.
- Эдгээр дунд чандманьтай, ланзан хээтэй сейфүүд байна. Жишээ нь Чандманьтай сейф юуг бэлгэдэж байна вэ?
-Хэдий шавар шавхайгаас ургадаг боловч өөртөө хир тоос халгаадаггүй бадамлянхуа цэцгийн дэлбээг суурь болгон авсан нь язгуур нь ариун байхыг бэлгэдэж түүний дээдэд өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт хүсэл бүхнийг хангагч чандмань (зэндмэнэ ч гэдэг)-ийг байрлуулж энэ бүхэн нь гал адил өрнөн мандахын бэлгэдэл болгон оройг нь чимэглэсэн. Түүнчлэн, сайн юм бүхэн өөдөө мандан бадарч, муу юм бүхэн галын дөлд шатаж үгүй болохыг хэлж байгаа юм.
-Анзаараад байхад танайх бүтээгдэхүүнээ сейф биш авдар гэж нэрлэсэн байх юм. Яагаад вэ?
- Энэ нь бас л монголчуудын хэрэглээтэй холбоотой. Бид эртнээс авдарыг хэрэглэж ирсэн ард түмэн. Авдар нь хичнээн хэрэгтэй зүйл гэдгийг дээр дурьдсан. Уг сейф нь авдартай адил л үүргийг гүйцэтгэх учраас ингэж нэрлэсэн юм. Гэхдээ авдарыг бодвол овор хэмжээ, багатай илүү аюулгүй, баталгаатай шүү дээ.
- Одоохондоо та бүхэн өөрсдөө загварыг нь гаргаад Солонгост захиалгаар хийлгүүлж байгаа юм байна? Цаашдаа тоог олшруулж дотооддоо үйлдвэрлэх боломжийг судалж байна уу?
-Мэдээж тийм. Би энэ талаар судалгаа хийж байгаа. Дотооддоо хийх боломжгүй учраас загвараа ч болов бодит зүйл болгож байна. Эхний ээлжинд бид маш цөөхөн ширхэгийг захиалж хийлгүүлээд байна.
-Уг бүтээгдэхүүнийг сонирхож авах хүсэлтэй хүмүүс байвал яаж та бүхэнтэй холбоо барих вэ?
-Сонирхож байгаа хүмүүс 91110405 дугаараар бидэнтэй холбоо бариарай. Бид та бүхэнд үйлчлэхэд бэлэн. Дахин хэлэхэд монголчуудын үндэсний хэв маягийг шингээсэн уг бүтээгдэхүүн маш цөөхөн байгаа.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)