Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг хүлээн авч уулзлаа.
Хатагтай Биата Транкман Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчөөр өнгөрсөн наймдугаар сараас ажиллаж эхэлсэн юм. Шинэ албанд томилогдсонд нь Ерөнхий сайд баяр хүргэж, амжилт хүслээ. Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд Засгийн газар дэмжиж ажиллана гэлээ.
Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжих хугацаа 2015 онд дуусгавар болж буйтай холбогдуулан НҮБ-ын дээд хэмжээний 70 дугаар чуулганаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг баталлаа. Энэ нь дэлхийн улс орнуудын ирэх 15 жилийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлох түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм. Энэ хүрээнд хамтран ажиллах талаар уулзалтын үеэр ярилцлаа.