УИХ дахь Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийв.
Тэрбээр "УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн мэдүүлж хэлэлцүүлж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж ҮХЦУ дүгнэсэн. Энэ дүгнэлтийг УИХ-аар хэлэлцсэн дараагаар С.Баярцогт сайдыг огцруулах асуудалд байр сууриа илэрхийлнэ. Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх үед байр сууриа илэрхийлнэ. Бүлгийн зарим гишүүд сайдаар томилогдсон. Тиймээс бүлгийн дарга нарыг томилох асуудал яригдана. Манай бүлгийн хоёр гишүүн гадаадад томилолттой, нэг гишүүн өвчтэй. Тиймээс бүлэг бүрэлдэхүүнээрээ байх үедээ удирдлагаа томилох асуудлыг ярилцана гэж тогтлоо" гэлээ.
-Танай бүлгийн хоёр гишүүн С.Баярцогт сайдыг огцруулах саналыг өргөн барьж, мөн Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж байгаа. Энэ нь бүлэг дээрээ яригдсан шийдвэр үү?
-Энэ нь бүлгийн шийдвэр, байр суурь биш. Гишүүд өөрсдийнхөө хуулийн хүрээнд санаачлан өргөн барьж байгаа асуудал. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хөндөж байгаагаа Г.Уянга гишүүн тайлбарласан. Одоогоор Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж, гарын үсэг цуглуулж явж байгаа. Оюутолгойн гэрээний асуудлыг манай бүлэг дээр яригдсан. Дубайн гэрээтэй холбоотой асуудалд асуулга тавьж, сонсох сэдэв мөн. Харин УИХ дээр Ерөнхий сайдыг огцруулах асуудал өргөн баригдаагүй. Тийм учраас асуудал тодорхойгүй байхад бүлэг байр сууриа илэрхийлэхгүй. Нэг том орд дээр болж байгаа үйл явдлаас болоод Ерөнхий сайдыг огцруулаад байвал тогтож үлдэх Засгийн газрын тэргүүн байх уу. Энэ ордыг 100 жилээр ашиглахаар байгаа. Энэ талаар гишүүд мэдээлэл солилцож, саналаа хэлсэн. Тиймээс өнөөдрийн хувьд бүлэг шийдвэр гаргах нь зохимжгүй.
-Энэ оны төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн төсөлд ямар байр суурьтай байна вэ?
-Төсөвт нэлээд хэмнэлт хийхээр тусгасан. Төсвийн тодотголд үлдсэн гурван сарын хугацаанд Төрийн нарийн бичгийн даргаас дээш албан тушаалтан болон УИХ-ын гишүүдийн цалингийн 30 хувийг хасч цалинг олгохоор болсон мэдээллийг хэлсэн. Мөн наймдугаар сарын 31-нээс хойш гэрээ хийгдсэн, ажил нь эхлээгүй байгаа ажлуудыг цуцлахаар болсон. Хөрөнгө оруулалт, урсгал зардал мөн нэлээн хэмнэгдсэн байгаа. Төсөв дөрвөн удаагийн хэлэлцүүлэг дамжиж хэлэлцүүлэгддэг тусгай дэгтэй.
Т.Энхэлээ