Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авсан. Учир нь өчигдөр хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаан маш их будлиантай болж гишүүд ямар санал өгөөд байгаагаа ч ойлгоогүй гэнэ.
Тухайлбал өчигдрийн хуралдаанд Ц.Оюунбаатар гишүүн Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн саналыг дэмжихгүй гэсэн санал өгснөөр Н.Энхбаяр даргынхаа эсрэг "кнопджээ". Уг нь Өршөөлийг хуулийг Ц.Оюунбаатар ахалж боловсруулсан. Ингэхдээ Н.Энхбаярт зориулсан заалтуудыг тэрбээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байж оруулсан гэдэг. Мөн санал хураалтын дүнд Н.Энхбаярт холбогдох хэрэг өршөөлд хамрагдах нь тодорхой болсон байхад З.Баянсэлэнгэ гишүүн будилж "Би энэ асуудлаар цөөнхи болно, би бүх асуудлаар цөөнхи болно" гэжээ. Ингэснээр тэрээр Н.Энхбаярын хэргийг өршөөсөн олонхийн саналын эсрэг зогссон байна. Өөрөөр хэлбэл "Би Н.Энхбаярыг өршөөхгүй" гэж байгаатай адил үйл явдал болжээ.
Энэ бүхнийг харсан хүмүүс асуудлаа мэдэхгүй, ойлгохгүй байдалтай байна гэж шүүмжилсэн бол хууль зүйн байнгын хорооны хуралдаан угаасаа ойлгомжгүй асуудлаар санал хураалт явуулсан анхнаасаа энэ будлианыг зориуд хутгасан гэж үзэх хүмүүс ч байна. Өчигдрийн хуралдаанд шударга ёс эвслийн гишүүдээс гадна, ажлын хэсгийнхэн, АН, МАН-ынхан гээд бүгд будилж санал хураалт маш ойлгомжгүй байдлаар явагдсан тул өнөөдрийн нэгдсэн чуулганд өршөөлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүлэх нь өөрөө будлиантай асуудал гэж ихэнхи гишүүд үзсэн байна. Энэ бүхэн хууль зүйн байнгын хороогоо даргалж чадахгүй байгаа Д.Ганбатын үйл ажиллагаатай шууд холбоотой гэж гишүүд ярьж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (10)