УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Завсарлага авах болсон шалтгаанаа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Хууль зүйн байнгын хороо өчигдөр орой хуралдах үеэр будилаанууд их гарсан. Байнгын хороо хуулийг нухацтай хэлэлцээгүй, дунд нь нэлээн будилаан болсон. Гишүүдийн ойлголт нэг болоогүй байхад санал хурааснаас будилаан ч бас гарсан. Ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцээд авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй гээд 49 гишүүн саналаа өгсөн. Тийм учраас энэ зарчим алдагдах ёсгүй. Дээрээс нь өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлтэй холбоотой материал тараагдаагүй байна. Энэ асуудлыг нухацтай хэлэлцэх шаардлага байгаа учраас УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага хүсч байна” гэлээ.
Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зарим асуудалд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийллээ. Тэд “Өршөөлийн хуульд авлига албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүсийг ялаас хэлтрүүлэх заалт бий. Уг заалтыг УИХ-ын чуулганаар хүлээж авалгүй хассан ч дахин оруулж ирж байна. Үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй” гэж хэлж байлаа.
Тухайлбал,
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Ард иргэдийн мөнгөнөөс идэж уусан хүмүүсийг хэзээ ч өршөөж болохгүй
- Албан тушаалаа урвуулан ашиглаж ард иргэдийн мөнгөнөөс идэж уусан хүмүүсийг өршөөж болохгүй. Тэр дундаа мөнгө угаах, авлигалын хэргийг бүр өршөөж болохгүй юм. Үүнээс болж манай улс ядуурч байна. Хулгай, дээрэм гарч олон хүүхэд хулгай дээрэм хийж байна. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дээр олонх гишүүд хүлээж авсан. Гэтэл харамсалтай нь өчигдөр байнгын хороон дээр МАН-ын удирдлагууд хүртэл Ерөнхийлөгчийн хоригоос эсрэг байр, суурийг илэрхийлж ярьсанаасаа тэс өөр үйлдлийг гаргалаа. Тэгээд өнөөдөр түүндээ ороогдоод завсарлага авч байх шиг байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Косметик засвар хийсэн байдалтай хуулийг оруулж ирж болохгүй
Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг хүлээж авсан ч эцсийн шийдвэр яаж гарах нь тодорхойгүй байна. Өршөөлийн хуулиас гадна Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гэж өмнө нь гарсан. Үүн дээр харин албан тушаалтнууд, цагаан захтнууд хууль бус орлогоо нуун дарагдуулах ийм боломж нэгдсэн. Өөрийнхөө компани, гэр бүлийнхээ компани дээр бичихэд л эргэж тэрийг шалгаж байцаах эрхгүй болчихсон. Тэгэхээр Ерөнхийлөгч Өршөөлийн хуулиас гадна Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд мөн хориг тавьж, анхаарал хандуулах ёстой байсан юм. Бие даагчдын зөвлөл бол албан тушаал, авлигын хэрэгт холбогдсон хүмүүс Өршөөлийн хуульд хамрагдах ёсгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа. Засвал зассан шиг засах хэрэгтэй. Косметик засвар хийсэн байдалтай оруулж ирж болохгүй.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Би цөөнх болсон
-Өчигдөр байнгын хорооны хурал дээр цөөнх болсон юм. Ямар ямар асуудлаар хэн цөөнх болсныг танилцуулга дээр биччихсэн байгаа. Цөөнх болсон гишүүд байнгын хороон дээр дэмжигдээгүй саналыг УИХ дээр санал хураалгах эрхтэй. Хориг хүлээж авсантай холбоотойгоор өөрчлөлт оруулж байгаа учраас ерөнхий арааман дотроо гишүүдийн гаргасан саналаар чуулган дээр санал хураалгах эрхтэй. Тэгсэн эд нар хураалгахгүй гээд хаагаад байгаа байхгүй юу. Ингэж болохгүй. Ерөнхий дэглэм журмаараа арааман дотроо байгаа бол байнгын хороон дээр гишүүдийн олонхын санал аваагүй саналыг чуулган дээр ердийн журмаараа хэлэлцээд цашаа явах бололцоо байгаа" гэлээ. Ийнхүү байнгын хороон дээр санал хурах томьёолол дэр будлиан үүссэн хэмээн үзсэн учраас УИХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан юм.
Ч.Өнөрбаяр: Авлига, албан тушаалын хэргүүдийг өршөөлд хамруулахаар болчихлоо
Харин Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр энэ үеэр “Хоригийн ажлын хэсэгт намайг оруулаагүй. Дандаа УИХ-ын гишүүд орж ажилласан. Өчигдөр холбогдох байнгын хороогоор Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцсэн. Хоригийг үндсэндээ бүрэн бүтэн болгож чадсангүй. Хоригт тавигдсан хоёр жилийг хасахтай холбоотой 4 зүйл заалтыг хүлээж аваад авлига албан тушаалтай холбоотой хэргүүдийг өршөөлд хамруулахаар болж байна. Өөрөөр хэлбэл, Өршөөлийн хуульд хамруулахгүй гэсэн долоон зүйл заалтаас хээл хахуультай холбоотой ганц заалтыг хүлээж аваад бусдыг нь үндсэндээ өршөөлд хамруулахаар боллоо. Албан тушаалаа урвуулан ашигласан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хууль бусаар хөрөнгөжсөн гэх мэт хэргүүдийг, мөн иргэдэд их хэмжээний хохиролучруулж залилан хийсэн хэргүүдийг өршөөхөөр болчихлоо. Залилангийн хэрэг дээр 110 гаруй хэрэг, 5000 гаруй хохирогчтой. Өнөөдрийн байдлаар тогтоогдсон хохирлын хэмжээ 90 гаруй тэрбум төгрөг байгаа. Энэ хэргүүд яах вэ гэсэн асуудал үүсч байна. Уг нь УИХ нэгэнт хүлээж авсан бол хоригийг бүтэн болгох ёстой. Цаашид яах талаар бид хуулийн гарцаа хайж байна. Дахин хориг тавих боломж байгаа. Өмнө нь ийм хориг тавьж байсан жишээ бий. 1999 онд Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед хоёр удаа хориг тавьж байсан удаа бий. Хоёр дахийг нь хүлээж авсан байдаг юм билээ. Хуулиараа яваад хохирлоо барагдуулсан хүмүүс ял нь хөнгөлөгддөг энэ системээрээ явах ёстой юм. Бүхэлд нь өршөөчихөөр хадгаламж зээлийн хоршооны хэрэг дээр төр 30 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгчбайсан. Харин одоо үүнээс гурав дахин их мөнгийг төр өгөх хэрэгтэй болж байна. Дээрээс нь хүн залилаад хэрэг хийсэн хүн зүгээр өршөөгдөөд, хохирсон, залилуулсан хүн хохироод үлдэх үү эсвэл төр залилагчдийн өмнөөс мөнгө төлөх үү гэдэг асуулт гарч ирлээ. Төрийн мөнгө чинь татвар төлөгчдийн мөнгө шүү дээ” гэсэн юм.
Сэтгэгдэл (3)