Хар тамхи зөөвөрлөсөн хэргээр Хятадын шүүхээс цаазын ял сонссон манай улсын иргэн Л.Байгалмааг Ялтан солилцох гэрээгээр эх оронд нь шилжүүлэн авахаар хоёр тал ярилцаж байгаа тухай мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Тэгвэл Хятадын тал түүнийг эх оронд нь шилжүүлэхээс татгалзжээ. Тодруулбал, Л.Байгалмаад цаазын ял оноосон бөгөөд түүнийг нь хөнгөрүүлж, бүх насаар нь хорих болгон өөрчилсөн юм.
Харин энэ талаар албаны эх сурвалж мэдээллэхдээ “Бид Л.Байгалмааг ялтан солилцох гэрээгээр шилжүүлэн авах хүсэлтээ БНХАУ-ын талд удаа дараа хүргүүлсэн. Гэвч тус улсын зүгээс “Танай Монголын холбогдох хуулинд манай оноосон ялтай дүйцэх ял алга. Тиймээс шилжүүлж өгөх боломжгүй байна" гээд шилжүүлж өгөхөөс татгалзсан. Үүнд хоёр орны хуулийн зөрүү гарч ирж байна. БНХАУ-д хар тамхины хэргээр саатуулагдсан хүмүүст нэлээн чанга ял оноодог. Цаазаар авах ял хүртэл оноодог. Харин манай улсад хар тамхины хэргээр саатуулагдсан хүмүүст цаазын ял оноодоггүй. Тийм заалт байхгүй. Тиймээс хэсэг хугацааны дараа хугацаагүй ялыг нь хугацаатай ялтай болгож өөрчлөх тал дээр асуудал тавина’’ гэлээ.
Сэтгэгдэл (2)