Бие даагчдын зөвлөлийг төлөөлж УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бие даагч гишүүдийн хувьд иргэдийн цалинг нэмэх ёстой гэсэн байр, суурийг баримталж байгаа аж. Тиймээс ч Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголд цалин нэмэхгүй байх асуудлыг тусгасаныг буруутгаж байгаа гэж С.Ганбаатар гишүүн мэдэгдлээ. Дээр нь гурван тал ямар нэг тооцоо судалгаа, хэлэлцээр хийхгүйгээр цалин нэмэхгүй гэдэг шийдвэрт хүрсэн нь буруу. Эдийн засаг хүнд үед цалин, тэтгэврийг нэмэх ёстой гэж бие даагчдын зөвлөл үзэж байгаа гэв.
Тэрбээр мөн "Бие даагчдын зөвлөл 17 дэд сайдыг танаач гэсэн бодлого анхнаасаа барьсан. Үг аваагүй, харин одоо энэ бодлого хэрэгжих гэж байна. Орлогоо яаж нэмэгдүүлэх талаар тооцохгүй байна. “Оюутолгой”-гоос 5 хувийн рояльти авдаг, 3 хувийг нь буцаагаад зарлага гээд өгчихдөг. Орлогоо нэмэх тал дээр онцгой анхаарах ёстой. Хямрал болох тусам эдийн засгаа тэлэх бодлого барих ёстой. 17 дэд сайд гэдэг бол улс төрийн бялуу. Тухайн үеийн миний судалгаагаар 17 дэд сайдыг танаснаар 672 сая төгрөгийг хэмнэх байсан. Үүнд дайвар зардал болон томилолтын зардлыг оруулж тооцоогүй" гэж хэллээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (6)