ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийг нь огцруулах болсон асуудлаар хариу мэдэгдэл хийж, зарим баримтыг дэлгэсэн юм. Мөн тэрбээр “О.Баасанхүү гишүүн хувь хүний нэр хүндэд халдаж, санаатайгаар худал мэдээлэл цацаж байна. Түүний ярьж буй бүх зүйл баримтгүй худал зүйл. Гүтгэлэг явуулж байна. Тийм хүний үгэнд яаж итгэх вэ дээ. Харин би баримттай ярих гэж байна” гэсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг ажилдаа хариуцлагагүй хандсан, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлаагүй гэх зэрэг үндэслэлээр огцруулах тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Харин уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, шийдвэрлэхтэй зэрэгцэн Үндсэн хуулийн цэц С.Баярцогтыг өмгөөлсөн шийдвэрийг гаргаж огцруулах асуудалд саад болж байна. Засгийн газар Үндсэн хуулийн цэцэд 300 сая төгрөг өгч өөрсдийгөө хамгаалууллаа гэх яриаг О.Баасанхүү гишүүн ярьж байгаа юм.
Тэгвэл энэ бүх мэдээлэлд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт доорх хариултыг өглөө.
Тэрбээр "О.Баасанхүү гишүүн намайг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсаны маргааш нь Үндсэн хуулийн цэц хуралдаж, УИХ-ын гишүүний тогтоолоор Засгийн газрын гишүүнийг огцруулж болохгүй гэдэг саналыг гаргаагүй. Тодруулбал, 2014 онд иргэн П.Баттулга, М.Мөнхжаргал, Б.Төрболд Б.Эрхэмбаяр нар Монгол улсын их хурлын тухай хуулийн 7.1.12 дахь заалт Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаарх гомдлыг Үндсэн хуулийн цэцэд гаргасан. Энэ гомдлыг хуулийн дагуу хянан хэлэлцэж яваад өнгөрсөн 9 сарын 9-ны өдөр 11 дүгээр дүгнэлтээ гаргасан билээ. Өөрөөр хэлбэл С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсаны маргааш нь бус нэг жилийн өмнөөс уг асуудлыг Үндсэн хуулийн цэц дээр хянан хэлэлцэж явсан. Хэлэлцэж явсаар өнгөрсөн сарын 9-ны өдөр шийдвэрлэсэн гэсэн үг" гэлээ.
Мөн С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсаны маргааш нь Үндсэн хуулийн Цэцийн 25-н жилийн ойд зориулж Засгийн газраас 300 сая төгрөг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл С.Баярцогт Үндсэн хуулийн цэцэд мөнгө өгч өөрийгөө хамгаалууллаа гэж О.Баасанхүү гишүүн ярьсан.
Харин энэ талаар сайд С.Баярцогт “Монгол улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан хууль сурталчлах үйл ажиллагаанд зориулж Ерөнхийлөгчийн зарлигтай холбогдуулан Үндсэн хуулийн цэц болон Их засаг их сургууль мөн Ерөнхийлөгчийн тамгын газар, БСШУ-ны сайд зэрэг хэд, хэдэн газарт Засгийн газраас хөрөнгө шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу үндсэн хуулийн цэцэд 300 сая төгрөг шилжүүлэхээр болсон ч одоохондоо шилжүүлээгүй байгаа. Төсвийн байдал хүндрэлтэй байгаа учраас нэг ч төгрөгийг шилжүүлээгүй байна. Гэтэл О.Баасанхүү ганц Үндсэн хуулийн цэцэд хахууль болгож шилжүүлсэн гэж байна" гэж ярив.
Мөн тэрбээр "О.Баасанхүү гишүүн намайг огцруулах тогтоолын төслийг 9 сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн. Харин хөрөнгө гаргах асуудлыг уг өдрөөс нэг өдрийн өмнө 9 сарын 7-ны ЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэсэн. Гэтэл О.Баасанхүү гишүүн 9 сарын 6-ны ням гаригт намайг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан гэж байна. Ням гаригт буюу амралтын өдөр УИХ-ын тогтоолын төслийг хэзээ ч хүлээж авдаггүй. Гэтэл амралтын өдөр буюу 9 сарын 6-ны өдөр огцруулах тогтоолын төслийг өргөн барьсаны дараа буюу маргааш нь Засгийн газар хуралдаж Үндсэн хуулийн цэц рүү мөнгө шилжүүлэх шийдвэрийг гаргасан гэж байгаа нь О.Баасанхүү үнэхээр худлаа ярьж байгааг илтгэж байна” гэлээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (31)