Нийслэлд их цас орохтой зэрэгцэн автобус компаниуд ажил хаяв. Энэ нь урьдчилан мэдэгдэлгүйгээр бүгд нэгэн зэрэг ажил хаяж буй анхны тохиолдол боллоо. Өнөөдөр өглөө “Цахилгаан тээвэр” компанийн автобусаас бусад нь бүгд ажилдаа гарсангүй. Төв замаар тус компанийн троллейбус, угсраа автобус л иргэдэд үйлчилж байна. Харин бусад чиглэлд автобус "NО" гэсэн үг.
Автобус компаниудын ажил хаясан шалтгаан нь алдарт смарт карттай холбоотой.
Компаниудын зүгээс “Смарт картыг суурилуулж эхэлснээс хойш ашиг орлого эрс багассан. Түлш, засварын хөрөнгө, ажилчдын цалингийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхгүй бол нийтийн тээврийн салбар иргэдэд үйлчлэх боломжгүй болно” гэж мэдэгдэж байсан.
Тэгвэл тэд өнөөдөр ажил хаялаа. Өнгөрсөн наймдугаар сарын 15-наас нийтийн тээвэр төлбөрийн цахим системийг нэвтрүүлсэн. Ингэхдээ олон улсын туршлага судлан, БНСУ-ын сүүлийн үеийн загварын төхөөрөмж оруулж, суурилуулсан гэдгийг “Улаанбаатар смарт карт”-ынхан хэлж байгаа. Мөн төлбөрийн систем ухаалаг болсноор нийтийн тээврийн салбарынхны орлого ч ил болно гэж байсан.
Өөрөөр хэлбэл, өдрийн орлогоос жолооч, кондуктор хумсалдаг байдлыг зогсооно гэж байв. Гэтэл өдөрт 20-30 мянган төгрөг хумсалдаг байсан кондукторуудыг халж хэдэн арван саяар нь хулгайлдаг төвтэй боллоо гэдгийг автобус компанийн захирлууд хэлж байгаа юм. Учир нь “Улаанбаатар смарт карт” ХХК нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудын орлогоос 10 хувийн шимтгэл авдаг байна.
Компаниуд 500 сая төгрөгийн орлого бүрдүүлсэн бол 50 сая төгрөгийг нь авдаг аж. Энэ нь төхөөрөмж суурилуулсны төлбөр ажээ. Гэхдээ компанийн захирлууд энэ хураамжийг 10 хүртэл байна гэсэн болохоос яг 10 хувийг нь авна гэж тохироогүй, гэрээ байгуулж гарын үсэг ч зураагүй гэдгийг хэлж байна лээ. Үүнээс гадна автобус компаниуд өдрийн орлогоо банкинд тушаадаг боловч орлого хуваарилагдан ирэхэд хураалгасан мөнгөнөөс нь их хэмжээгээр дутдаг аж.
Тухайлбал, “Блюбус” компанийн орлогоос 30 сая, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс 537 сая, “Атибус” ХХК-ийн орлогоос 55 сая төгрөг дутсан аж. Үүнээс болж нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд татвар болон нийгмийн даатгалын их өртэй болж орхисон гэнэ. Харин “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Р.Ган-Эрдэнэ “Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу машин цагаар тооцоолол хийж орлого хуваарилж байгаа” гэж тайлбарласан. Тэгвэл автобус компанийн удирдлагууд үүнийг эсэргүүцэж байсан юм.
Уг хэрүүл даамжирсаар нэг л өглөө нийслэлчүүдийг явган алхуулж орхисон нь энэ. Хамгийн гол нь иргэд үүнд ямар ч буруугүй. Ядаж урьдчилж мэдэгдээд ажил хаясан бол хүмүүс ажлаа зохицуулах байлаа. Гэтэл гэнэт ажил хаясан нь нийслэлчүүдийг жинхэнэ утгаар нь хорлож орхив.
Нийслэлийн нийтийн тээврийн газраас ч өчигдөр олон нийтэд мэдээлэл хүргэж болох байсан. Автобус компанийнхан эрх биш нийслэлийн нийтийн тээврийн газартаа мэдэгдсэн баймаар. Гэтэл аль, аль нь чив чимээгүй байж байгаад олон хүнийг ажил, хичээл, сургууль, цэцэрлэгээс нь хоцруулж, нэг өдрийн ажлыг нь цалгардууллаа.
Өнөө өглөө олон цагаар автобус хүлээсэн хүмүүс ажлаасаа хоцорлоо. Боломжтой нь таксидаж, боломжгүй нь алхаж байна. Хүүхдээ цэцэрлэгээс нь хоцруулаад ажил руугаа чирч яваа эцэг, эхчүүд үгээ хэлж байна цаана чинь. Оюутнууд эхний цагийн хичээлээсээ хоцорч багшдаа загнуулж байна. Сургуулийн сурагчид бол бүр хэцүү байдалд орлоо.
Нэг сая хүн амтай хотын үйлчилгээнд явдаг нийтийн тээврийнхэнд ядаж ажил хаях гэж буйгаа мэдэгддэг ёс, зүйн соёл баймаар. Мөнгөө авахдаа гаргууд, шаламгай байж ажил хаях болохоороо үйлчлүүлэгчдээ ингэж хөсөр хаяж болохгүй. Мөн автобус компаниуд нь эртнээс хэцүү, хатуугаа хэлээд байхад болж, бүтэхгүй зүйлээ зохицуулж байх Нийслэлийн нийтийн тээврийн газар болон хотын удирдлагууд ч үүнд буруутай. Та бүхэн өнөөдөр уг асуудлаа шийдэж маргааш иргэдийг хөл, дүүжлэх унаатай болгоно гэж найдъя.
Бид энэ талаарх мэдээллийг эргүүлэн хүргэх болно.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (19)