Манай сурвалжлах баг 21 аймгийн бүтээн байгуулалт болоод түүнд хувь нэмрээ оруулагч шилдэг татвар төлөгчдийг цувралаар танилцуулж буй. Энэ удаад Сэлэнгэ аймгийн топ татвар төлөгч “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ыг онцолж байна.
Тус компани нь Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотыг дулаанаар 100 хувь хангадаг орон нутгийн өмчит томоохон аж ахуйн нэгж юм. Жилд дунджаар улс, орон нутгийн төсөвт 200-400 орчим сая төгрөгийн татвар төлдөг байна. Тэр ч утгаараа орон нутгийн шилдэг татвар төлөгчөөр гурван жилд дараалан шалгарч “Шилдэг татвар төлөгч”-ийн “Хөх дэвтэр”-ийн эзэн болжээ. Ингээд тус компанийн захирал Ш.Оргилтой ярилцсанаа хүргэе.
- Компанийнхаа үйл ажиллагааны талаар танилцуулна уу?
- Манай “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮ газар нь Сэлэнгэ аймгийн хоёр дахь дулааны станц юм. 1990 оноос Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр болж аймгийнхаа бүх халаалтыг явуулдаг байсан. Улмаар 2000 онд Сүхбаатар хотын дулаан түгээх, дамжуулах, үйлдвэрлэх гэсэн тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл, цахилгаан дулаан бус зөвхөн дулааныг үйлдвэрлэдэг болсон.
130 ажилчинтай аймгийн төвдөө томоохон аж ахуй нэгж байгууллага юм.
- Улс болон аймгийн зүгээс үйл ажиллагаанд тань бодитой тусламж үзүүлж чаддаж байна уу?
- Орон нутгийн өмчит газар гэдэг утгаараа улс болоод аймгийн төсвөөс тусламж үзүүлдэг. Улс болоод аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар манай зуух, шугам шинэчлэгдсэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд 6 тэрбум төгрөгийн шинэчлэлт явагдсан. Улс, аймгаас дэмжиж өгч байгаа нь бидний ажилд маш том нэмэр болж байгаа.
- Дулааны цахилгаан станцууд зарим тохиолдолд алдагдалтай ажиллах нь их. Танай байгууллагын хувьд?
- Манайх зардлаасаа илүү гарч чадахгүй алдагдалтай ажиллаж байгаа. Аль болох өөрсдөө аж ахуйн тооцоот гэдэг утгаараа Сүхбаатар хотынхоо дулааныг тасалдалгүй, найдвартай, тав тухтай хангахыг зорьдог. Нэгдсэн үйлдвэр байхаа болиод дангаараа Сүхбаатар хотын дулааны станц гэдэг болсноос хойш алдагдалтай ажиллаж байгаа гэж хэлж болно. Дулаан цахилгааныг хосолж үйлдвэрлэдэггүй учир нүүрс, ус, шатахуунаа гаднаас нийлүүлж авах шаардлагатай болдог. Үүнийгээ хэрэглэгчдийг дулаан байлгах үүднээс халааж гаргадаг.
Гэтэл өнөөдөр түүхий эдийн үнэ өсөлттэй, дулааны үнэ нэмэгдэхгүй байгаа нь зарлага гарах нөхцөл бүрдэж байгаа юм. Цаашлаад манай хэрэглэгчид Дархан, Эрдэнэт, Улаанбаатартай манайхыг харьцуулдаг. Тэд эрчим хүчний үйлдвэртэй тул түүхий эдээ дотооддоо бэлтгэдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр газруудтай харьцуулж дулааны үнэ өндөр байна гэх зүйл ярьдаг. Тэгвэл манайх ийм биш ээ. Харин орон нутаг хийгээд улсаас дэмжээд Сэлэнгэ аймаг ядаж Сүхбаатар хотынхоо хэмжээнд дулаанаар хангачихдаг цахилгаан дулааныг хосолдог ТЭЦ болчихвол энэ бүх алдагдал, иргэдийн бухимдал арилна. ТЭЦ-тэй дан ганц дулааны станц хоёрыг харьцуулашгүй юм.
Сонирхуулахад, зун боллоо гэхэд манай аймаг хэрэглээний халуун ус байхгүй байсан. Тэгвэл 4 жилийн өмнө бид өөрсдөө санаачилж зуух тавьж зөвхөн төвлөрсөн орон сууцанд ажлын таван өдөр хэрэглээний халуун ус тавьдаг болсон. Гэхдээ хэрэглээний халуун усыг өдөр бүр 24 цагаар авдаг байх хэрэгтэй байна.
Одоо манайх 1200 гаруй айл өрх, 300-гаад аж ахуй нэгж, мөн аймгийн төвийн төрийн байгууллагуудын дулааныг хангаж байгаа.
- Хүчин чадлын хувьд?
- Анх 40 мвт-ын дулаан гаргах чадалтай байсан. Үүнээс хойш тоног төхөөрөмж ч хуучирчээ. Одоо бол анх суурилагдсан хүчин чадлынхаа 60 хувьд л хүрч ажиллах болсон. Одоогоор дөрвөн зуухтай.
- Хаягдал үнс ашигладаг уу?
- Тоосгоны үйлдвэр, хувь хүмүүс, замын компаниуд манайхаас үнс авдаг. Түүнээс биш бид бизнесийн чиглэлээр ашиглах боломж байдаггүй. Иргэд үнс авч хашааныхаа нүх сүвийг бөглөх сонирхолтой байдаг. Тэдгээр хүмүүст мөн үнсээ өгдөг.
- Түүхий эдээ хаанаас авдаг вэ?
- Нүүрс, усаа гаднаас авдаг. Тухайлбал, Шарын гол, Багануур, Шивээ-Овоо зэрэг уурхайгаас нүүрсээ авдаг. Мөн усаа Сэлэнгийн компаниас гэрээлэн авдаг. Манайх эрчим хүчний үйлдвэр биш тул түүхий эдээ авч, дулаан өгдөг 7 сарын хугацаанд 32 мянган нүүрс ашигладаг.
- Нийгмийн хариуцлага, татвар төлөлтийн тухайд?
- Нийгмийн хариуцлага гэдэг үүднээс спорт, урлагийн хэмжээнд чадлаараа оролцож, идэвхтэй байдаг. 2012 оноос хойш гурван жил дараалж шилдэг татвар төлөгч болсон. Үүний үндсэн дээр татварын байгууллагын дээд шагнал болох “Хөх дэвтэр” шагналыг авсан байгаа. 2012 онд 200 сая, 2013 онд 276.8 сая, 2014 онд 414.8 сая төгрөгийг татварт төлсөн.
- Цаашдын зорилго, зорилт?
- Аж ахуйн аргаар хямд нүүрсээ авч дулаанаа хангаад ашигтай ажиллахыг зорьж ажиллаж байна. Ерөнхийдөө Сүхбаатар хотоо дулаанаар найдвартай хангах бол туйлын зорилт. Манай Сүхтбаатар хотод халаалтгүй өвөлждөг орон сууцнууд олон байсан. Харин бидний зүгээс ажлын бүтээмж, амьдрах нөхцлийг нь сайжруулахыг зорьж ажилласнаар өнөөдөр нэг ч халаалтгүй байр байхгүй болсон байна.
Бид үүнийгээ цаашдаа улам бататгаж ТЭЦ-тэй болох асуудлыг хүчтэй тавьж ажиллаж байна.
- Ажилчдынхаа нийгмийн асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байна?
- Хүнд алдагдалтай ажиллаж байгаа хэдий ч гэр хороололд ажилладаг ажилчдадаа нэг удаад нэг тонн нүүрс үнэгүй өгдөг.
Сар болгон хоолны мөнгө ажилчдадаа өгдөг. Өнөөдөр манай ажилчид 1000 төгрөгөөр нэгдүгээр, хоёрдугаар хоолоо сэтгэл ханамжаар дүүрэн идчихэж байна. Харин орон сууцанд амьдардаг ажилчдынхаа халаалтын мөнгөнд хөнгөлөлт, урамшуулал олгодог. Аль болох халаалтын мөнгийг чөлөөлж ажилдаа ирэхдээ сэтгэл хангалуун байх талаас нь анхаардаг.
Дашрамд хэлэхэд, “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ нь гол түүхий эд болох нүүрсээ Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхайгаас авдаг тул дулааны үнэ харьцангуй өндөр байдаг аж. Мөн гэрээлэн усаа гаднаас авдаг нь эрчим хүч ашиглалтын үнэд нөлөөлдөг байна. Гэхдээ цахилгаан, дулааныг хосолж түгээдэг болчихвол аймгийн хэмжээнд 100 хувь алдал, чирэгдэлгүй ажиллаж чадна гэж тус газрын дарга Ш.Оргил ярилцлагын үеэр дурдсан юм.
Д.Ундрах \24tsag.mn\
Сэтгэгдэл (2)