Авлигын хэргээр гурван шатны шүүхээс ял сонсон ялаа эдэлж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Тулгын ах Б.Хуяг нарыг Интерполоор 3 дахь жилдээ эрэн сурвалжлагдаж байна.
АТГ-аас хүсэлт гаргасны дагуу Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерпол хүсэлтийг хүлээн авч өөрийн цахим хуудастаа 2012 оны аравдугаар сарын эхээр зураг, мэдээллийг нь байршуулсан юм. Ингэснээр Б.Хуяг нарын хүмүүс олон улсад эрэн сурвалжилж буй онц хүнд гэмт хэрэгтнүүдийн нэгэн адил Интерполд бүртгэлтэй болсон юм.
Харин гурван жил эрэн сурвалжсаны эцэст Б.Хуягийг баривчиллаа гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Энэ талаар Б.Хуягийн төрсөн дүү, БШУЯ-ны дэд сайд Б.Тулгаас тодруулахад “Ташаа мэдээлэл байна. Байсхийгээд барилаа, саатууллаа гэсэн худал мэдээлэл цацагдах юм” гэх хариултыг өглөө.
Мөн албаны эх сурвалж болох АТГ-ын баттай эх сурвалжаас тодруулахад “Б.Хуягийг баривчилсан зүйл байхгүй. Ташаа мэдээлэл байна” гэх тайлбарыг өгч байна.
Сэтгэгдэл (2)