Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Хүдэрбаатартай ярилцлаа.
-Намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн ЗГХЭГ-ын даргыг огцруулах асуудал яригдаж байна. Мөн Засгийн газар огцорно дараагийн Ерөнхий сайдыг удахгүй тодруулна гэх яриа ч саарал ордноос сонсогдох. АН төрийн эрх барьж байхдаа засгаа дөрвөн удаа огцруулж байсан түүх бий. Одоогийн энэ байдал нь танай нам дотооддоо зөрчилтэй байгааг илэрхийлж байна уу даа гэж харагдах?
-Энэ талаар би саяхан хэвлэлээс харсан. С.Баярцогт даргын асуудлыг О.Баасанхүү гишүүн оруулсан байх. Тэр хүн улстөрөө л хийж байна гэж ойлгож байгаа. Сонгууль ойртож байна шүү дээ. Гэхдээ манай намынханд алдаа байна. Шуудхан хэлэхэд ах нар эв эеэ хичээхгүй бол болохоо байлаа гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Өөрсдөө ч мэдэж байгаа байх. Энэ байдлаас болж бусдын идэш болж байна шүү дээ.
-Ах нар гэдэг нь...?
-Манай намын өндөр албан тушаал хашиж байгаа ах нар. Хэн хэнийг хэлж байгааг хүмүүс мэдэж байгаа шүү дээ. Эд нар хоорондоо эвлэхгүй болохоор намын нэр хүнд, цаашилбал улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Үүнээс болж улс төрийн хямрал үүссэн. Хямрал ч биш, бүр дампуурал болоод байна. Ингэсний үр нөлөө эхнээсээ гарлаа. Улс төрийн хямралаас үүдэлтэй эдийн засгийн хямрал нүүрлэлээ. Хэдийгээр Монголоос хамааралгүй, дэлхий нийтийн хямралын шуурганд бид өртөж байгаа ч манайхнаас шалтгаалж байгаа зүйл бас байна. Хямралыг Монгол Улс хохирол багатай даван туулах боломж байсан. Хамгийн гол нь энэ хэдэн хүн хоорондоо зөрчилдөж, бусад нам эвслүүд үүн дээр нь “тоглолт хийгээд” ирэхээр Монголын улс төр бүхэлдээ бужигнасан байдалтай харагдаж байна. Үүнийг гадны хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байгаа. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалт татарч, эдийн засгийн хямралыг бидэнд улам илүү мэдрүүлж байгаагийн гол шалтгаан нь энэ. Хөрөнгө оруулагчдын буруу биш шүү дээ. Ийм тогтворгүй төр засагтай улс оронд хөрөнгөө оруулж ирнэ гэдэг ямар ч хүний хийх ажил биш. Хэрэв Монгол Улс тогтвортой төр засгийн бодлоготой байдаг бол хөрөнгө оруулалт орж ирэх боломж бий.
-Тэгэхээр эдийн засгийн хямралд та намынхнаа буруутгаж байна аа даа?
-Намаа биш энэ хэдэн хүнийг хэлж байгаа юм. Монгол Улс гуравхан сая хүн амтай. Бусад улс оронтой харьцуулахад бид цөөхүүлээ. Тэгсэн атлаа эдийн засгийн нөөц бололцоо маш сайн. Гадны хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах олон хүчин зүйлтэй. Гэтэл улс төрийн тогтворгүй байдлыг бий болгосноор хөрөнгө оруулалтыг үргээж, эдийн засгийн хямралыг зохиомлоор бий болгосон. Яг үнэндээ хямраагүй байхад хямарчихлаа гэсэн “бор шувуу”-г нисгэсээр байгаад өнөөдөр эдийн засгийн бодит хямралтай нүүр тулчихлаа. Тэрүүгээр явсан гайг энүүгээр дуудна гэсэн үг байдаг даа. Түүн шиг л юм болсон гэсэн үг. 2012 оны сонгуулийн дараа байгуулсан шинэчлэлийн Засгийн газрыг ийм байдлаар л унагасан. Дараагийн засгийн тухай ярьж байна гэлээ. Хэдийгээр ийм асуудал бодитойгоор яригдаагүй ч улс төрийн өнөөгийн нөхцөл байдал тун тааруухан байна. Өнөөдөр төрийн өндөр албан тушаал хашиж байгаа энэ хүмүүс 1996 оны сонгуулийн дараа бас л ажиллаж байсан байдаг. Гэвч тэр алдаанаасаа суралцаагүй, алдаагаа давтаж байна. Өнөө маргаашийн тулга тойрсон зүйл ярьж, өөрсдийгөө л бодохоос улс орны ирээдүйг бодохгүй байна. Тэр үед мөн л хоорондоо зөрчилдөн тэмцэлдэж байж Засгийн газраа хэд хэд сольсон. Эцэстээ 2000 оны сонгуульд навс ялагдсан. Ийм л үр дүн үзэх гээд байж ядаад байгаа юм биш үү. Уйлах хүүхдийн хошного урд өдөр нь умалзана гэж үг байдаг даа.
-Одоо хямрал руу эргэлт буцалтгүй орчихлоо. Бүсээ чангалах тухай дээр дооргүй яриад эхэллээ?
-Тэгсэн. Орсон. Мэдээж, энэ хямралыг бид эв нэгдэлтэй байж хохирол багатай давна. Эвт шаазгай буга барина гэсэн үг бий. Нэгэнт тулчихсан хямралыг туулж л таарна. Гэхдээ энэ байдалд бодитой дүгнэлт хийх ёстой. Тэгэхийн тулд цаашид эрх барьж байгаа АН дотооддоо эв эеэ хичээх хэрэгтэй. Эвтэй байгаагаа бусдад харуулах хэрэгтэй. Ингэж байж л байдал дээрдэнэ. Эс бөгөөс дээр хэлсэнчлэн бусдын идэш болсоор л байх болно. Эцсийн дүнд дээрээ суудлаа олохгүй байгаа энэ хэдэн хүнээс болж АН-ын мянга мянган гишүүн, Монгол Улсын гурван сая иргэн хохироод үлдэх нь. Ер нь хоорондоо эв түнжингээ олж, нэг зүгт харж ажиллавал гадаад ертөнц, гаднын хөрөнгө оруулалт аяндаа наашилж таарна. Энэ нь эдийн засгийн хямралын үргэлжлэх хугацааг нааш татах бодитой хөшүүрэг болно.
-Яг үнэндээ АН өнөөдөр төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хэдхэн хүний мэдэлд байна шүү дээ. Зөрчил тэдний дунд л байх шиг. Ард түмэн ингэж харж байна?
-Тэр үнэн. Зөрчил хурцадсан нь сая Ерөнхий сайдын ахлах зөвлөх байсан Л.Гансүхэд ял оноосноор илэрлээ гэж харж байгаа. Энэ бол ах нарын зөрчил ноцтой байдалд орсны шинж. Тэд нэгэн цагт нэг зорилгын төлөө тэмцэж явсан журмын нөхөд шүү дээ. Зорьсондоо хүрсэн. Монголд ардчилсан хувьсгал ялаад 25 жил боллоо. Энэ жил тэмдэглэж байна. Мөн 2012 оны сонгуулиар ард түмэн итгэл хүлээлгэлээ. Энэ итгэлийг бид алдахгүй, гэмтээхгүй, хайрлаж, хадгалж явах учиртай. Итгэлийг сэтгэлээрээ, ажлаараа хариулах ёстой. Одоо төрийн эрхийг барьж байна. Гэтэл энэ олон жил хамтдаа явж ирсэн журмын нөхдөө шорон гяндан руу ачиж байна. Энэ бол эмгэнэл. Одоо үүнийгээ бид болих ёстой.
-Та залуу хүн. Айхгүй байна уу, ингэж ярихаасаа. Өмнө нь танай үеийнхэн намынхаа лидерүүдийг ингэж шүүмжилж гарч ирээд дуугүй болсон. Сүүлд сонсоход, “дуугүй болгосон” гэх юм билээ?
-Яагаад айна гэж. Би байгаа бодит байдлыг л хэлж байна. Би энэ намын ҮЗХ-ны гишүүн. Намынхаа төлөө үгээ хэлэх эрхтэй. Тэгээд ч АН зөвхөн цөөхөн хэдэн хүний өмчтэй хувийн компани биш. Мянга мянган гишүүнтэй. Би ч, энэ дарга нар ч тэдний л нэг. Мөн бидний үеийн боловсролтой, ид хийж бүтээх үе нь ирчихсэн залуус олон бий. Ямар ч ажлын ачаа даах нас, цаг дээрээ ирчихсэн байна. Гэтэл намыг ийм болгож харагдуулаад, цөөхөн хэдэн хүнээр төлөөлж харах хэмжээнд хүргэнэ гэдэг байж боломгүй асуудал. Тиймээс би энэ байдлыг шүүмжилж байгаа юм.
-Шүүмжлэлийг хүлээж авах болов уу?
-Ард түмнээ, улс орноо боддог л бол хүлээж авах ёстой. Тэднийг мянга мянган гишүүд нь харж байна. Цаашилбал Монгол Улс харж байна. Тийм болохоор намыг нам шиг, улсыг улс шиг хэмжээнд нь аваачих хэрэгтэй байна. Энэ чигээрээ эх захгүй хардсан сэрдсэн, урвасан шарвасан байдалтай цаашаа явах аргагүй болчихлоо шүү дээ. Эндээс гарахын тулд эв нэгдэлтэй байх ёстой. Мөн Монголын төрд Монгол эр хүний жудагтай зан хэрэгтэй байна. Тэгэхгүй бол өмнөх алдсан замаараа дахиад явчих гээд байна. Одоо төрийг удирдаж байгаа энэ хүмүүс 1996 онд залуу халуун, зүрх зоригтой, туршлага багатай байсан гэж бодъё. Нэг алдсаныг алджээ гэдэг. Харин алдаагаа давтвал тэнэглэл гэдэг. Тийм болохоор бид даруйхан эвлэлдэн нийлж, хамтдаа явах ёстой.
-Та “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлье. Надад хариуцуулчих гэж та ярьсан байна лээ. Хариуцаж байсан хүн нь шүүхээр хэргээ шийдүүлчихлээ. Ийм үед дахин ийм хөтөлбөрийг хариуцъя гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Яагаад болохгүй гэж. Тэр хөтөлбөр зөв байсан гэдгийг хэлж байгаа юм. Энэ хөтөлбөр зөв байсан гэдгийг ард түмэн мэдсэн байна шүү дээ.
С.Заяа
Сэтгэгдэл (12)